Шууд Chart

Курдын ажилчны нам зэвсэгт тэмцлээ зогсоож татан буугдахаа мэдэгджээ

2025-05-14 11:31:43

Туркээс гадна ЕХ, АНУ-д террорист байгууллага гэж тооцогддог цэрэг-улстөрийн “Курдистаны ажилчны нам” татан буугдахаа мэдэгдсэнийг бүс нутгийн хэмжээнд намжмал байдал авчрах найдлага төрүүлсэн алхам гэж харж байна. Сүүлийн 40 гаруй жилийн туршид  салан тусгаарлах бослого тэмцэл явуулж, 40 мянга гаруй хүний аминд хүрсэн  хямралд цэг тавьж Курдистаны босогчдын энэ байгууллага ингэж шийдвэрлэснийг Туркийн ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоган улс орноо терророос ангижруулах үйл явцад нь шийдвэрлэх түүхэн алхам гэж сайшаан мэдэгджээ.

1999 оноос хойш Истанбул хотоос холгүй Имрала аралд насаараа хоригдох ял эдэлж байгаа курдын салан тусгаарлагчдын удирдагч, өдгөө 76 настай А.Ожалан өнгөрөгч 2-р сард өөрийн намын удирдагчид болон Туркийн эрх баригчидтай нууц хэлэлцээ хийснээр намаа татан буулгах уриалгыг өөрийн дэмжигчдэд хийж юм байна. Курдын Рудав ТВ-ийн мэдээлснээр, энэ сарын 5-7-нд болсон КАН-ын 12-р их хурлаас гарсан энэ шийдвэрийн талаарх мэдэгдэлд, зэвсэгт тэмцлээ зогсоож, үйл ажиллагаагаа өндөрлүүлж байгаа тухай зарлажээ. “Курдистаны ажилчны намын тэмцэл манай ард түмний эсрэг чиглэсэн үгүйсгэх, устган дарах бодлогыг нурааж, курд үндэстний асуудлыг ардчилсан бодлогын арга хэрэгслээр шийдэгдэж болох цэгт авчирснаар түүхэн үүрэг зорилтоо биелүүлсэн” гэж энэ намын мэдэгдэлд дурджээ.

Туркийн зүүн урд талын, курдууд гол оршин суудаг Диярбакир хотын иргэд КАН татан буугдаж зэвсгээ орхих шийдвэрийг сайшаан хүлээж авч байгаа талаар АП мэдээлсэн байна. Гэхдээ ингэснээр “курдуудын асуудал” шийдэгдсэн гэсэн үг биш гэдгийг шинжээчид хэлж байна. Туркийн эрх баригчид гэхэд, Абдулла Ожалан болон курдуудын бусад удирдагчдын шаарддаг шинэчлэлийг хийх гэж яарахгүй хэвээрээ, курдуудын хөдөлгөөний олон удирдагч шоронд хоригдсон байдалтай, Туркийн парламентад курдуудыг төлөөлдөг Дем хэмээх нам мөрдлөг мөшгөлтөд өртсөн хэвээр, мөн курдууд олноор оршин суудаг бүс нутаг Туркийн хамгийн хоцрогдмол буурай хэсэг байсан хэвээр байгаа байгааг шинжээчид дурдаж байна. Үүний зэрэгцээ Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоаны хувьд курдуудтай ингэж эвлэрэл тогтоож байгаа нь 2028 онд сүүлийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа ч гэсэн засгийн эрхэнд хэвээр үлдэх санаархалтай нь холбоотой тактикийн алхам гэж Вашингтон дахь Ойрх Дорнодын хүрээлэнгийн Туркийн хөтөлбөрийн захирал Гёнюль Тол үзсэн байна.

Мөн Курдистаны ажилчны нам Туркийн төр улсын эсрэг зэвсэгт тэмцлээ зогсоосноор курд үндэстнүүд аж төрдөг Сири, Иракийн гадаад бодлогод гарцаагүй нөлөө үзүүлж, Ираныг ч хөндөнө гэж ажиглагчид үзэж байна. Курд үндэстэн гэж Тигр болон Евфрат хоёр том мөрний хооронд өөрсдийн нэрлэдгээр Курдистан гэх бүс нутагт хэдэн зуун жилээр оршин амьдарч ирсэн иран хэлтэй овог аймаг. Дэлхийн 1-р дайны дараа тэдний амьдарч байсан газар нутаг Турк, Сири, Ирак, Иран 4 улсын мэдэлд орж хуваагджээ. Улмаар курдууд өөрийн гэх төр улсгүй Ойрх Дорнодын хамгийн олон хүн амтай ард түмэн болж хувирсан байна. Тэдний ихэнх нь Туркийн нутагт үлдсэн боловч өөрсдийн улстөр, соёлын эрхээ эдэлж чадалгүй, 1991 оныг хүртэл өөрсдийн эх хэлийг хэрэглэх хориотой байжээ. Өнөөдрийн байдлаар, 14 сая гаруй тоологдож байгаа Туркийн Курдууд Турк улсын хүн амын 15 гаруй хувийг бүрдүүлдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Курдын ажилчны нам зэвсэгт тэмцлээ зогсоож татан буугдахаа мэдэгджээ   
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй