Шууд Chart

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

2025-05-15 08:34:22

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 14-нй өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.

Тайланг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц танилцуулахдаа эхлээд ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 28 хууль, 58 дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангуулан ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо 11 салбарын 6930 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгийн дүн тайлант онд ДНБ-ий 26.5 хувьд хүрсэн. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13.0 их наяд төгрөгт хүрсэн байна. Нээлттэй хөрөнгийн бирж дээр 1.5 их наяд төгрөгийн санхүүгийн хэрэгслийн арилжаа явагдсан бөгөөд компанийн бонд 913 тэрбум төгрөг, хувьцаа 358 тэрбум төгрөг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 206 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх 100 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан байна. Нийт хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа бүтээгдэхүүний 50 гаруй хувь нь компанийн бонд байгаа бөгөөд хөрөнгийн зах зээл дээрх чухал бүтээгдэхүүн болоод байгааг онцолж байсан.

Монгол Улсад 2021 оноос биржийн бус зах зээл буюу хөрөнгийн зах зээл үнэт цаасны арилжаа эрхлэх хоёр дахь платформ ажиллаж эхэлсэн. Зөвхөн мэргэжлийнхэн оролцдог арилжаанд 2024 онд нийт 95 компани 131 бүтээгдэхүүн гаргаж 1.6-нд их наяд төгрөгийн арилжаа хийгджээ. Мөн ам.долларын бондын арилжаагаар 72 сая ам.долларын бонд бас арилжаалагдсан гэлээ. Монгол Улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дээр 2 сая 598 мянган иргэн хувьцааны үнэт цаасны данстай байгаа бөгөөд тайлант онд  шинээр 204 орчим мянган данс нээлгэжээ. Нийт арилжаанд оролцогчдыг 66.3 орчим хувь нь дотоодын хөрөнгө оруулагч гэв.

Даатгалын зах зээлд нийт 20 даатгалын компани, үүнээс 17 ердийн даатгалын компани, 2 урт хугацааны даатгалын компани, 1 давхар даатгалын компани, 60 даатгалын зуучлагч компани, 29 даатгалын хохирол үнэлэгч компани, 151 аудитор, 40 актуарч, 2504 даатгалын төлөөлөгч Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийн үндсэн дээр тус тус үйл ажиллагаа эрхэлж байгаа гэв. 2023-2024 оны байдлаар салбарын нийт хөрөнгийн хэмжээ 20 орчим хувиар өсжээ.

Үргэлжлүүлэн Т.Жамбаажамц дарга банк бус санхүүгийн байгууллагын салбарын талаар танилцууллаа. Нийтдээ 573 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийн 69 нь финтек буюу цахим аппликэйшнээр үйл ажиллагаа явуулдаг гэлээ. Зээлийн дундаж хэмжээ 2.5 сая төгрөг бол финтек буюу цахимаар авч буй зээлийн дундаж хэмжээ 771 мянган төгрөг байгаа аж. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны байдлаар бол 5.7 их наяд төгрөг гэв.  Энэ талбарын нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн жилүүдэд өсөж байгааг тайланд дурдаад Хорооны зүгээс банк бус санхүүгийн байгууллагуудын эрсдэл даах чадвар, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын үе шаттай олон арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа гэлээ.

Үргэлжлүүлэн хадгаламж зээлийн хоршооны талаар танилцуулав. Өнөөдрийн байдлаар 178 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн гишүүддээ үйлчилдэг онцлогтойг дурдсан. Нийт 75252 гишүүнтэй. Үүний 50 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байна. Хоршоологчдын өмчийн дүн нэлээдгүй өсөж байгаа, нийт зээлийн өрийн үлдэгдэл 258.7 тэрбум төгрөг бол хадгаламж нь 248,6 тэрбум төгрөг байгаа аж. Үргэлжлүүлэн тэрбээр үл хөдлөх эд хөрөнгө үнэт металлын ийм зохицуулалтын салбарын талаар, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн хуулийн этгээдийн бүртгэлийн талаар, 2024 онд хөрөнгийн зах зээл дээр хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулсан юм. Бондын зах зээлийг хөгжүүлэх, дотоодын бондын зах зээл дээр компаниудыг олноор гаргах, санхүүжилтийн хямд, урт хугацаатай эх үүсвэр татах чиглэлээр бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Даатгалын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу төрийн болон хувийн хэвшлийн худалдан авалтууд, тендер дээр даатгалын баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо холбогдох журмыг баталж, нийтдээ 5 даатгалын компанид 22,5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй баталгаа гаргажээ. Мөн эрсдэл даах чадварыг нь сайжруулах, өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, эздийн өөрийнх нь хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэлээ.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, О.Батнайрамдал нар асуулт асууж, тайлантай холбогдуулан үг хэлсэн. Үүгээр Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж дуусав.


Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй