Шууд Chart

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна

2025-05-16 15:52:01

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна. Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид шилжүүлж авав.

Тодруулбал, 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийджээ. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд байв. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ.

Тэгвэл “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлж авав.

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав.

Тодруулбал, уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул нийслэлийн өмчид буцаан авав.

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилгыг нийслэл өмчлөлдөө буцаан авч, объектыг буулган, газрыг дуудлага худалдаанд оруулж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон бөгөөд барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан. Эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байна. Газрын дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэйгээр ил тод зохион байгуулах юм.

НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг 2008 оноос хойш менежментийн гэрээгээр Ж.Хатанбаатар Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын баг ажиллуулж байв. Өнгөрсөн сарын 15-нд нийслэлийн Өмч хувьчлах комисс хуралдаж, менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нийслэлийн өмчид буцаан авав. Уг төвийг шинэчлэн засварлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн 100 ортой тасаг, 12 төрлийн кабинет, дотрын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй