
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын жишигт нийцсэн шинэчлэлээ танилцуулж, “Хөгжил ба шинэчлэл” форумыг зохион байгуулж байна.
Монгол Улсын хөгжлийн стратегийг дэмжих, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, олон улсын хөгжлийн банкны жишигт нийцсэн үйл ажиллагааны стандартыг нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банк бодлогын цогц шинэчлэлээ эхлүүлээд байна.
Энэ хүрээнд тус банк өнөөдөр “Хөгжил ба шинэчлэл” сэдэвт форумыг зохион байгуулж, хуулийн шинэчилсэн найруулгын төслөө олон нийтэд танилцуулав.
Форумд УИХ, Засгийн газар, гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, эрдэмтэн судлаачид, үндэсний үйлдвэрлэгчид, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөл өргөн хүрээнд оролцож, шинэчлэлийн ач холбогдол, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк лого, бэлгэдлээ шинэчилснээ форумын үеэр танилцууллаа.
Л.Гантөмөр: Хууль батлагдсанаар Хөгжлийн банк эдийн засгийн хөгжлийг дэмжсэн суурь дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх шийдвэрийг бие даан гаргадаг болно
Хөгжлийн банкнаас зохион байгуулж буй "Хөгжил ба шинэчлэл" форумыг нээж ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр үг хэллээ.
Тэрбээр "Эдийн засаг, хөгжлийн яам Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд банкны санхүүгийн чадавхыг дээшлүүлэх болон хууль, эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулан ажилласнаар тодорхой ахиц дэвшлүүд эхнээсээ гарсан. Тухайлбал, Хөгжлийн банкны баланст бүртгэлтэй 420 тэрбум төгрөгийн чанаргүй зээл, 550 тэрбум төгрөгийн ирээдүйд үүсэх баталгаанаас чөлөөлүүлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг асуудлыг судлан танилцуулж, бүрэн шийдвэрлүүлээд байна.
Дан ганц санхүүгийн чадавхыг дээшлүүлснээр Хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй тул тус банкны үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай. Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг бусад улсуудын хөгжлийн банкны адил олон улсын сайн жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, олон нийтийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлүүлээд байна" хэмээн хэллээ.
Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Хөгжлийн банкийг УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод, улс төрийн хараат бус, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ хэмээн Л.Гантөмөр сайд онцлоод "Түүнчлэн хөгжлийн банкны засаглалын тогтолцоо сайжирч, үйл ажиллагаа нь сэргэж, банкнаас төслийн санхүүжилт олгохдоо мэргэжлийн судалгаа тооцоонд үндэслэсэн, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн суурь дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт олгох шийдвэрийг бие даан гаргадаг болно" хэмээн хэлэв.
“Хөгжил ба шинэчлэл” форумыг зохион байгуулж байна | ||
Үзсэн: 178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.