
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзан, гамшгаас хамгаалах салбарын хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа болон хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар товч мэдээллийг Элчин сайдад өгч, хүнд хэцүү цагт Туркийн ард түмнээс дэмжлэг туслалцаа үзүүлдэгт талархал илэрхийлсэн юм.
БНТУ-ын Засгийн газар, МУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ээлжит IV хуралдаан 2005 онд зохион байгуулагдсан бөгөөд тус хуралдааны үеэр талууд хоёр талын уулзалт хийж, гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноор хамтын ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй.
Онцгой байдлын ерөнхий газар нь мэдээллийн технологийн шинэчлэлт, гамшгийн удирдлагын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэхэд тус улсын Гамшиг, Онцгой байдлын удирдлагын газраас, ойн түймэртэй тэмцэх чиглэлээр Ойн ерөнхий газраас туршлага судлахаар хамтран ажиллаж байна.
Элчин сайд, Онцгой байдлын ерөнхий газар болон Туркийн Гамшиг, Онцгой байдлын удирдлагын газар хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд өөрийн хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа илэрхийллээ.
Ташрамд дурдахад, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Башак Гэнч Юксэл өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Гамшгаас хамгаалах салбарын хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ | ||
Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.