
Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд нэгдэж буй залуус, ирээдүйн эмч нар болох АШУҮИС-ийн төгсөгч нартай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уулзлаа.
Уулзалтын хүрээнд “Эрүүл мэндийн салбарт залуусын манлайлал” агуулгын хүрээнд илтгэл тавьж салбарын бодлого, шинэчлэл, резидент эмчийн хөтөлбөрийн тухай чөлөөт уулзалт хийлээ.
Уулзалтын гол агуулга нь салбарын хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар дэлгэрэнгүй танилцуулж, эмч, мэргэжилтнүүдийн манлайлал, хариуцлага, ёс зүй, тасралтгүй хөгжил, резидентийн сургалт, тусламж үйлчилгээг иргэдэд чанар, хүртээмжтэй хүргэх ач холбогдлыг онцолсон юм.
Эрүүл мэндийн сайд “Өнөөдрийн оюутнууд бол маргаашийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн, удирдагчид байх учраас эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэхэд судлаач, суралцагч, ёс зүйт эмч байж шинэчлэл, технологийн дэвшилд идэвхтэй , шинэ санаа, хандлагыг нэвтрүүлэх гол хүч байгаарай” гэж онцлон тэмдэглэлээ.
Манай улсад эрүүл мэндийн салбарын үндэсний боловсон хүчнийг нийт 16 их, дээд сургууль бэлтгэж байна. 2025 онд эдгээр сургуулиудад 29 мэргэжлээр нийт 4,400 гаруй оюутан төгсөж байгаа бөгөөд үүнээс зөвхөн их эмчийн тоог авч үзвэл, 15 их, дээд сургуулиас 2,200 орчим төгсөгч их эмчийн зэрэгтэйгээр хөдөлмөрийн зах зээлд хөл тавих гэж байна. Сүүлийн жилүүдэд, жилд дунджаар 2,000 орчим их эмч бэлтгэгдэн гарч, ирэх 3 жилд дунджаар 6,000 орчим их эмч шинээр бэлтгэгдэн гарах тооцоолол байна. Энэ нь зөвхөн тоон үзүүлэлт бус, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг цаашид зөв төлөвлөх, эрүүл мэндийн салбарын өнөөгийн эрэлт, ирээдүйн хэрэгцээ, хөгжлийн чиг хандлагад нийцсэн боловсон хүчний төлөвлөлт, төгсөгчдийн ур чадвар, эзэмших мэргэжлийн төрөлд анхаарах шаардлагатайг илтгэж байна.
АШУҮИС-ийн төгсөгч нарт судлаач, суралцагч, ёс зүйт эмч байхыг “захилаа” | ||
Үзсэн: 183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.