Шууд Chart

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж эхэллээ

2025-05-20 15:07:55

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээ эхэллээ.

Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газраас 7, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас 6, нийслэлийн Байгаль орчны газраас 6, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 5, нийт 24 албан хаагч багтаж байна.

Нийт 24 албан хаагч таван автомашинтай Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд үүрэг гүйцэтгэнэ.

Тодруулбал, Улсын онцгой комиссын 2025 оны Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2025 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах юм.

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна.

Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зусландаа амьдарч байгаа айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.


Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж эхэллээ  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй