Шууд Chart

ЗГ: Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав

2025-05-21 12:26:26

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Ноолуур бэлтгэлийн явц, ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 

Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр хуралдааны тэмдэглэлээр зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан ноолуурын худалдан авалтыг дэмжиж, жилийн 12 хувийн хүүтэй, 500.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний энгийн вексель гаргахыг даалгасан. Энэ хүрээнд ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоо, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ноолуур бэлтгэлийн явц, бизнесийн орчин, түүхий эдийн худалдан авалт, дотоод гадаад зах зээлийн чиг хандлага, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцжээ.

Үйлдвэрлэгчдээс баруун бүсийн ноолуурын эргэлтийн хөрөнгийн хэмжээ дутагдалтай талаар болон үнийг тогтворжуулах, малчдаас ноолуур худалдан авах, векселийг хэрхэн мөнгөжүүлэх, түүхий эдийг барьцаалах зэрэг асуудлыг хөндсөн байна. 

Монгол Улс ноолуурын салбарт анх удаа түүхий эдийн 50 хувийг бэлтгэж эхэлсэн бөгөөд цаашид түүхий эдийг 100 хувь бэлтгэн авах, ноолуурын үнийг тогтвортой барих, үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж, үүсэх хүндрэлийг эрсдэл багатай даван туулах талаар ярилцаж, салбарын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэхэд талуудын хамтын ажиллагаа чухал байгааг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд онцоллоо. 


ЗГ: Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй