
2024 онд Герман улсад улс төрийн сэдэлтэй гэмт хэрэг түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөн тайлан гарчээ. Үүнд дотоод болон гадаадын хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна. Тухайлбал, өнгөрсөн онд болсон олон тооны сонгууль, Газын зурвасын дайн улам гүнзгийрсэн улс төрийн туйлшрал зэрэг нөлөөлжээ. Мөн түүнчлэн Герман болоод Европын улс орнуудад хэт барууны үзэл эрчимтэй дэлгэрч байгаагаас үүдэлтэй улс төрийн сэдэлтэй маргаан, үймээн самуун гарах нь нэмэгдсэн байна.
Тухайлбал, өнгөрсөн онд Германд улс төрийн хэт барууны үзэл суртлаас үүдэлтэй түрэмгий үйлдлийн тоо 40 хувиар өсөж, нийт 84172 тохиолдол бүртгэгджээ. Мөн улс төрийн сэдэлтэй хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн тоо 15 хувиар өсөж, 4107 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Германы дотоод хэргийн яамны тайланд дурджээ. Улс төрийн сэдэлтэй гэмт хэргийн хохирогчдын 45 хувь нь барууны үзэлтэй этгээдийн түрэмгий үйлдэлд өртсөн гэж мөн тайлагналаа.
Мөн цагаачид руу чиглэсэн түрэмгийлэл ихэсжээ. Тодруулбал, цагаачид олноор цуглардаг газар автомашинаар дайран орох, хүйтэн мэсээр халдлага үйлдэх зэрэг гэмт хэргүүд өнгөрсөн онд олноор бүртгэгдсэн байна. Улс төрийн хэт барууны үзлээс үүдэлтэй гэмт хэрэг их байгаагаас гадна хэт зүүний үзлээс үүдэлтэй түрэмгийлэл гэмт хэрэг мөн цөөнгүй гарчээ. Гэхдээ хэт барууны үзлээс үүдэлтэй гэмт хэрэгтэй харьцуулахад хэт зүүний үзэлтнүүдийн гэмт хэргийн тарих хохирол илт бага байсан байна. Европ даяар хэт барууны үзэл түгэн дэлгэрч байгаагийн нэгэн адилаар Германд ч ялгаагүй популист барууны үзэлтнүүд олширч, эдийн засгийн тодорхойгүй байдалд уур бухимдлаа илэрхийлэх нь ихсэж байна. Ялангуяа Германд цагаачдыг хүчтэй эсэргүүцэх, засгийн газар нь Газын зурвасын дайнд Израил улсыг дэмжиж байгааг эсэргүүцэж уур бухимдлаа илэрхийлэх нь элбэгшжээ. Ард иргэдийн уур бухимдлыг дагаад Германы хэт барууны үзэлтэй Альтернатив намын нэр хүнд 2024 онд нэлээд өссөн.
Тухайлбал, Германы Альтернатив нам 2024 онд гурван ч удаагийн орон нутгийн сонгууль, бүх нийтийн сонгууль болон Европын Холбооны сонгуульд тус бүр түүхэн дэх хамгийн олон саналаа авч нөлөө бүхий болсноо харуулсан. Альтернатив намын үндсэрхэг үзэлтэй улс төрчид цагаачдад бичиг баримт олгохыг эсэргүүцэж, исламын орнуудаас ирэх цагаачдыг гэмт хэрэгтнүүд гэж тодорхойлдгоос нь улбаалж Германы үндэсний аюулгүй байдлын зөвлөл тус намыг энэ сарын эхээр “хэт барууны үзэлтэй туйлшрагч бүлэг” гэж тодорхойлжээ.
Одоогоор Германы парламентад суудлын тоогоороо хоёрт бичигдэж байгаа Альтернатив намын зүгээс Германы ардчилалд заналхийлсэн зүйл байхгүй, тус намынхан ердөө улс даяар хүчирхийллийг бууруулах зорилготой гэсэн байр суурь илэрхийлжээ.
ХБНГУ-д улс төрийн сэдэлтэй гэмт хэрэг түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ | ||
Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.