Шууд Chart

“Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги” батлагдлаа

2025-05-22 12:41:59

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхий даяар 100 гаруй салбартай, олон улсын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг, дэлхийн хамгийн нөлөө бүхий зөвлөх байгууллагуудын нэг “Бостон консалтинг” групптэй хамтран “Монгол Улсын аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”-ийг боловсрууллаа.

2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах “Монголын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтын төв”-ийн нээлтийн арга хэмжээний үеэр “Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги” болон аялал жуулчлалын салбарт олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг салбарын албан хаагчдадаа дэлгэрэнгүй танилцуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, цар тахлын дараа богино хугацаанд жуулчдын урсгалыг сэргээх зорилгоор 2023-2028 оны “Монголд зочлох жил” болгон зарлаж, нэгдсэн бодлогоор гадаад сурталчилгааг эрчимжүүлэх хүрээнд “GoMongolia” хөтөлбөрийг хэрэгжүүлж, жуулчид хялбар аялах нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээний үр дүнд манай улс 2024 оны жуулчдын тоо цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад 41 хувиар өсөж, эдийн засагт 1.6 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн.

“Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги"-ийн хүрээнд 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, эдийн засагт 3-4 тэрбум ам.долларын экспортыг бий болгож, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлэх зорилго тавиад байна.

Энэхүү аялал жуулчлалын стратегийн эрхэм зорилго бол “Монгол Улсыг байгаль, адал явдал, соёлын өв, амарлихуйн аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлэх газар болгон тогтвортой хөгжүүлж, сурталчлах” юм.

Энэхүү эрхэм зорилгод хүрэхийн тулд Монгол улсын аялал жуулчлалын үндсэн 13 голлох зах зээлд анхаарлаа төвлөрүүлж, эрэлт хэрэгцээний долоон сегментэд зориулсан аялал жуулчлалын хөгжлийн саналуудыг болон стратегид тодорхойлсон 14 зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Тухайлбал, дэд бүтцээ хөгжүүлэх, зам, тээврийн холболтыг сайжруулах, олон улсын маркетинг сурталчилгааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зэрэг ажлууд багтана гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.  


“Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги” батлагдлаа  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй