Шууд Chart

УБЦТС: Зөөврийн болон явуулын дэвшилтэт технологийн лабораториудыг ашиглаж эхэлнэ

2025-05-23 15:26:56

УБЦТС ТӨХК нь цахилгаан дамжуулах кабель сүлжээний ашиглалт, засварын ажил, үйлчилгээндээ дэвшилтэт, шинэ загварын “Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх зориулалттай иж бүрэн явуулын лаборатори (Transcable 400 систем SSG 2100 Frida TD&PD-TaD 62, Protrac)” болон “Туршилт оношилгооны иж бүрэн зөөврийн лаборатори (Syscompact 4000 80kV mit PHG 80 TD und Tad 62)”-ийг тус тус ашиглаж эхлэхээр Кабелийн ашиглалт засварын төвд хүлээлгэж өгөх арга хэмжээ 2025 оны тавдугаар сарын 22-ны өдөр боллоо.

Арга хэмжээнд УБЦТС ТӨХК-ийн удирдлагууд, инженер техникийн ажилтнуудаас гадна Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Австри улсын Ерөнхийлөгчийг дагалдаж яваа, Хятад дахь Австрийн ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгч Валери Брайтенфелд болон  Австрийн Баур компанийн Азийн бүс нутгийн борлуулалтын менежер, оношилгооны чадамжийн төвийн дарга Тобиас Найер, Баур компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Зэв эв партнерс” компанийн төлөөлөгчид оролцсон юм.

Явуулын иж бүрэн лабораторийг MSM группээс нийлүүлэгддэг Японы 2024 оны Mitsubishi Fuso маркын автотээврийн хэрэгсэл, Солонгост үйлдвэрлэсэн чингэлэгт Баур компанийн мэргэжилтнүүд угсарч, суурилуулсан аж. Харин лабораториудад ажиллах инженер техникийн ажилтнуудад Баур компанийн оношилгооны чадамжийн төвийн дарга Тобиас Нейер богино хугацааны сургалт явуулна.

Улаанбаатар хотын барилгажилт жил тутам нэмэгдэж, хүн ам нягтаршиж байгаатай холбоотойгоор хотын төвийн цахилгаан дамжуулах кабель шугамууд насжилт, ачаалал, гадны нөлөө зэргээс шалтгаалан гэмтэж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдах тохиолдлын тоо буурахгүй байгаа нь ихээхэн хүндрэлийг учруулж байгаа юм. Тиймээс УБЦТС ТӨХК нь эдгээр орчин үеийн программ хангамж бүхий лабораториудын тусламжтайгаар газар доорх кабелийг гэмтэхээс нь өмнө оношилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг зорьж байна.

Ташрамд дурдахад УБЦТС ТӨХК нь өндөр хүчдэлийн кабелийн гэмтлийг тодорхойлох, оношлох, турших ажил үйлчилгээндээ Зөвлөлтийн үеийн тоног төхөөрөмж бүхий явуулын лабораторийг 1960 оноос ашиглаж эхэлсэн түүхтэй бөгөөд Австрийн Баур компанийн орчин үеийн дэвшилтэт технологийн лабораториудыг 2006 оноос нэвтрүүлж эхлэн, инженер техникийн ажилтнуудаа мэргэшүүлж ирсэн билээ.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

УБЦТС: Зөөврийн болон явуулын дэвшилтэт технологийн лабораториудыг ашиглаж эхэлнэ  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй