
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотой мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Зарим ААН-үүдээс ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмэгдүүлэх тухай саналыг ирүүлж байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, холбогдох асуудлыг хэлэлцсэн бөгөөд жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон.
Гэтэл дээрх Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье. Мөн түүнчлэн, эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулах болно.
Эдгээр ААН-үүдтэй бүх төрлийн шатахууны өртөг болон үнийн асуудлыг бууруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд дизель түлшний жижиглэнгийн үнийг тодорхой хэмжээгээр буулгахаар болоод байгааг ард, иргэдэд мэдэгдье гэв.
Улс төрийн тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлжээ | ||
Үзсэн: 131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.