
Украинд энх тайван тогтоох яриа хэлэлцээнээс Кремль татгалзах нөхцөлд Орос болон Оросын холбоотон орнуудын эсрэг хориг шахалтыг чангатгах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ Америкийн Сенат дахь хоёр намын гишүүд илэрхийлжээ. Ийм хуулийн төслийг санаачлагч ардчилсан намын Ричард Блюменталь, Бүгд найрамдах намын Линдси Грэм нар Лхагва гарагт ийм хамтарсан мэдэгдэл нийтлүүлсэн юм байна. Сүүлд мэдээлснээр, Эдгээр сенатчдын өргөн барьсан хуулийн төслийг Сенатын 100 гишүүний 81 дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Энэ хуулийн төсөлд, ОХУ-ыг Украинтай бат бөх энх тайван тогтоох асуудлаар шударга яриа хэлэлцээ өрнүүлэхээс татгалзах юм уу энхийн хэлэлцээр байгуулсны дараа Украины тусгаар бүрэн эрхэнд халдах цэргийн довтолгоо үйлдэх болон өөр бусад үйлдэл гаргах нөхцөлд хориг арга хэмжээ авна. Энэ хүрээнд тухайлбал, Оросоос нефть, хий, уран, бусад бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг улс орнуудад 500 хувийн татвар ногдуулна гэж заажээ. Үүний зэрэгцээ ТНБД Марко Рубио Оросыг ойрын өдрүүдэд багтаж гал зогсоох болзлоо танилцуулахаар зөвшөөрсөн гэдэг мэдээллийг Мягмар гарагт Сенатын олон улсын асуудал эрхэлсэн хорооны хуралдаан дээр өгснийг дээрх сенатчид мөн сануулсан байна. Оросыг дэмждэг орнуудад өндөр татвар ногдуулж, улмаар Москвагаас хөндийрүүлэх зорилготой энэ хуулийн төслийнхөө нэг гол зорилгыг “Хятад улс Оросын хямд нефтийг худалдан авч Путиний дайны машиныг дэмжиж байгаагийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх зорилготой. Хятадын дэмжлэггүй бол Путиний дайны машин зогсоно” гэж эдгээр сенатчид бичжээ.
Блюменталь, Грэм нар энэ хуулийн төслөө өнгөрсөн 4 сарын 1-нд анх танилцуулж, тухайн үедээ Сенатын 50 гишүүний дэмжлэг хүлээж байжээ. Энэ зуур Орос, Украины хоорондох дараагийн хэлэлцээ ирэх 6 сарын дундуур Ватиканд болж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлсэн. Харин тэр хэлэлцээний өмнөх техник асуудлаарх зөвлөгөөнийг ирэх 7 хоногт Ватиканд хийж магадгүй талаар Финландын Ерөнхийлөгч Александр Стубб мөн мэдээлжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Украинтай энхийн гэрээ байгуулах асуудлаарх санамж бичгийн ажил эрчимтэй урагшилж байгаа гэж мэдээлсний зэрэгцээ үйл явцыг сунжруулах сонирхол хэнд ч байхгүй гэдгийг цохон хэлжээ.
Мөн дараагийн яриа хэлэлцээ болох газрыг хараахан тогтоогүй гэдгийг Песков хэлсэн байна. Энэ 7 хоногийн даваа гарагт Америк, Оросын Ерөнхийлөгч нарын 3 дахь удаагийн утсан ярианы дараа Оросын Ерөнхийлөгч энхийн гэрээ болон гал зогсоох асуудлаар Украинтай санамж бичиг байгуулахад Орос улс бэлэн байгааг мэдэгдэж, Украины Ерөнхийлөгч ч судалж үзсэний үндсэн дээр тийм баримт бичгийг байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Харин Оросын ГХЯ энхийн санамж бичигт гарын үсэг зурах эрх зүйн чадамжтай хүн нь Украины ерөнхийлөгч В.Зеленскийг биш гэсэн байр суурийг өчигдөр илэрхийлжээ.
АНУ-ын сенатчид ОХУ хэлэлцээг тасалдуулбал хориг тогтоох хуулийг дэмжинэ гэв | ||
Үзсэн: 198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.