
Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотой дөрвөн янзын тушаалд гарын үсэг зурлаа. Эдгээр тушаалын дагуу цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд тавих журмыг багасгаж, эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлтээ хангах цөмийн реакторуудын тоог олшруулах боломжтой болох юм байна.
Эдгээр тушаалуудаас “цөмийн технологийг үндэсний аюулгүй байдалд зориулан байгуулах” зарлиг хамгийн том цар хүрээг хамарч байна. Энэ тушаалыг дагуу АНУ-ын батлан хамгаалах байгууламжуудад цөмийн реакторууд байгуулах ажлыг хурдасгаж, зэвсэгт хүчний хэрэглээнд зориулсан цөмийн эрчим хүчийг гарган авахаар зорьж байна. Ингэхдээ 2028 оны 9-р сарын 30-аас өмнө дотоодын зэвсэгт хүчнийг эрчим хүчээр хангах эхний реакторыг барьж дуусгах ёстой гэж заажээ. Түүнчлэн зөвхөн хиймэл оюуны дата төвүүдийн хэрэглээнд зориулсан цөмийн реактортой болох талаар дурджээ. Хиймэл оюун болон хиймэл оюунд суурилсан технологийг бүтээхэд эрчим хүчний эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байгаа. АНУ хиймэл оюуны үйлдвэрлэлээр БНХАУ-тай өрсөлдөж илүүрхэхийн төлөө цөмийн реактортой болох нь зүйтэй гэж АНУ-ын дотоод хэргийн сайд Дааг Бургум дурдсан байна.
Дараагийн зарлигт АНУ-ын цөмийн эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагааг шинэчлэх талаар дурджээ. Үүний хүрээнд энэ хорооны зарим үйл ажиллагааг танаж, зарим үйл ажиллагааг нэмэгдүүлэх төлөвтэй байна. АНУ-д цөмийн реакторыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олготол 10 хүртэлх жил хүлээх тохиолдол бий.
Тэгвэд цөмийн эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагааг шинэчлэх хүрээнд энэхүү зөвшөөрөл олгох хугацааг 18 сар хүртэл богиносгохоор төлөвлөж байна. Дараагийн тушаалд, цөмийн реакторын туршилтын хугацааг шинэчлэх тухай дурдсан байна. Үүний дагуу цөмийн реакторын үйл ажиллагааг турших лабораторийн үндэсний тогтолцоог өөрчилж, илүү богино хугацаанд цөмийн реакторыг туршиж, аюулгүй байдлыг нь үнэлдэг болох зорилготой байна. Цөмийн эрчим хүчний тухай дөрөв дэх зарлигт Цөмийн эрчим хүчний аж үйлдвэрийн бааз суурийг бэхжүүлэх тухай заажээ. Үүнд дурдсанаар цөмийн эрчим хүчний салбар дахь хүний нөөцийг чадавхжуулах, цөмийн эрчим хүчний станцын барилгын ажлын эхлэлээс нь дуусах хүртэлх үйл ажиллагааг шинэчлэх, ашиглалтад орсон цөмийн реакторын үйл ажиллагааг хянан тайлагнах, цөмийн хаягдал, дахин боловсруулалт, ураны баяжуулалт зэрэг хэрхэн явагдах талаар тогтмол хугацаанд тайлан хүргүүлж байх зэрэг шаардлагыг оруулж өгчээ.
Трампын засаг захиргаа цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа ч шинэ тушаалуудаас нь харвал Цөмийн эрчим хүчний үндэсний зохицуулах хорооны үйл ажиллагаа, хүн хүчийг танаж, бие даасан байдлыг нь сулруулахуйц тушаалууд баталсан нь АНУ цөмийн энергийн хүчин чадлыг бүрэн ашиглаж чадах эсэх эргэлзээтэй байна гэж судлаачид үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зарлиг гаргав | ||
Үзсэн: 249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.