
Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж байна.
Наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн 6120 тамирчин 31 спортын төрлөөр 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Наадмын нээлтийн ёслолд БТСУХ-ны дарга Э.Билэгт, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батдорж, МҮОХ-ны ерөнхий нарийн дарга Э.Бадар-Ууган, Монголын хүүхдийн спортын наймдугаар наадмын зохион байгуулах хорооны дарга О.Гэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Арга хэмжээний эхэнд БТСУХ-ны дарга Э.Билэгт хэлсэн үгэндээ “Энэхүү наадмыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2018 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр зуны спортын төрлийг сурталчлах, өсвөр үеийнхний бие бялдрыг чийрэгжүүлж, спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, шигшээ багийн залгамж халааг бэлтгэх зэрэг олон чухал ач холбогдлыг бий болгосон. Наадмын шигшээ тэмцээнүүд сонирхолтой, өрсөлдөөнтэй болж, уран хурц тоглолтууд гарч, оюун ухаан, бие бялдрын өндөр ур чадвар шаардсан, спортын дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Наадамд чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, сагсан бөмбөг, волейбол, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт, таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, модон барилдаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, бокс, пара бочи, пара хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөг /3х3/, диф даам, тусгай хөнгөн атлетик, тусгай хамтарсан хөлбөмбөг гэсэн спортын төрөлд өрсөлдөөн өрнөж байна.
Тус наадмын урьдчилсан шатанд 30 багийн 9-17 насны 15000 гаруй тамирчин хамрагдсан нь наадмын цар хүрээг илтгэнэ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбарыг асаалаа | ||
Үзсэн: 196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.