
АНУ-д эрүүл хүүхэд, жирэмсэн эхчүүдэд ковидын вакцин хийж ирсэн уламжлалт практикийг хүчингүй болгож зогсоож байгаагаа Америкийн Эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди зарласан байна. АНУ-ын өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дархлаажуулалтын удирдамжид ийм өөрчлөлт орж байгаа талаар Хүнс, Эмийн хяналтын алба болон Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдийн удирдлагууд мөн тухай бүрдээ нотлон мэдээлсэн байна.
АНУ-ын эрүүл мэндийн салбарын эрх баригчид COVID-ийн вакцинд тавигдах шаардлагуудыг илүү чангатгасан шийдвэр танилцуулснаасаа 7 хоногийн дараа ийнхүү тарилгын горимд өөрчлөлт оруулж энэ төрлийн вакциныг зөвхөн насанд хүрэгсэд болон суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүст хийдэг байхаар болгож хязгаарлаж байна. Үүний зэрэгцээ вакцины товлол болон бусад вакцинд холбогдох асуудлаар АНУ-ын Өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх алба буюу CDC доторх, дархлаажуулалтын зөвлөл хуралдаж аливаа өөрчлөлтийг баталдаг боловч энэ удаа энэ журам мөрдөгдөөгүй. Ирэх 6-р сард болох хуралдаанаар хэлэлцэж санал хураах төлөвтэй байгааг энэ зөвлөлд багтдаг, Вандербильдийн их сургуулийн халдварт өвчин судлалын профессор Вильям Шаффер мэдээлжээ. Одоо тус алба вакцинд үл итгэгч гэдгээр нийтэд танигдсан Эрүүл мэндийн сайд Кеннедийн хяналт захиргаанд харьяалагддаг.
Кеннедийн хувьд АНУ-ын Холбооны засгийн газрын бүтэц төсвийг эрс танах Ерөнхийлөгч Д.Трампын бодлогыг эрүүл мэндийн салбарт ч мөн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг Ройтерс дурдсан байна. Тэрээр нийгмийн сүлжээгээр дамжуулж хийсэн видео мэдэгдэлдээ, өнгөрсөн жил Байдений засаг захиргаа хүүхдүүдийг давтан вакцинжуулах тухайд ямар ч клиник судалгаа дүгнэлт байхгүй хэр нь эрүүл хүүхдүүдэд давтан тарилга хийхийг шаардаж байсан” гэж мөн ярьжээ. CDC-ийн тухайд 6 сартайгаас дээш бүх хүүхдэд ковидын шинэчлэгдсэн вакциныг тарих нь зүйтэй гэсэн хөндлөнгийн шинжээчдийн багийнхаа зөвлөмжийг дагаж мөрдөж иржээ.
Мөн энэ байгууллагын албан вэб сайтад, жирэмслэлтийн өмнө хойно болон хөл хүнд байх хугацаанд, хүүхдэд ковид-19-ийн вакцин аюулгүй, үр дүнтэй хамгаалалт болж чаддаг нь дэлхий даяарх хэдэн зуун мянган хүнийг хамруулсан судалгаагаар батлагдсан гэсэн мэдээлэл байдаг байна. Вакцин үйлдвэрлэгч Модерна, Пфайзер компаниудын зүгээс энэ тал дээр тайлбар өгсөнгүй гэдгийг Ройтерс мөн мэдээндээ дурджээ.
АНУ эрүүл хүүхэд, жирэмсэн эхчүүдийг ковид-19 вакцины тарилгад хамруулахгүй болжээ | ||
Үзсэн: 310 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.