Шууд Chart

Монгол Улс COP17 бага хурлыг 2026 онд зохион байгуулна

2025-05-30 15:59:28

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Даян дэлхийн ач холбогдолтой энэ арга хэмжээнд тус Конвенцын талууд болох 197 улс орны төлөөлөгчид, Төр засгийн тэргүүд, сайд нараас гадна олон улсын болон шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно. Энэ хурал нь цөлжилт, газрын доройтол, ган зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй харилцан уялдсан сорилтуудыг даван туулах бүхий л боломжит шийдлийг эрэлхийлэхэд чиглэнэ. 

Монгол Улсын 1.56 сая км² нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтолд өртөөд байна. Хүрээлэн буй орчны гурамсан хямралыг даван туулахад газар ашиглалтын бодлого чухал үүрэгтэйг Монгол Улс хүлээн зөвшөөрч, цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн хүч чармайлтад идэвхтэй оролцож, манлайлал гарган дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн. 
Хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлын хүрээнд өндөр түвшний арга хэмжээ, тэр дундаа сайд нарын түвшний хэлэлцүүлэг, олон талт оролцогчдын чуулга уулзалт, шинжлэх ухаан ба бодлогын уялдаа, инновац, технологи, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэх сэдэвчилсэн форумууд зохион байгуулагдана. Энэхүү бага хурал нь салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, газрын тогтвортой ашиглалт, экосистем болон газрын нөхөн сэргээлт, “Газрын доройтлыг тэглэх зорилт”-ын хэрэгжилтийг ахиулах чухал алхам болох юм.


Монгол Улс COP17 бага хурлыг 2026 онд зохион байгуулна  
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй