Шууд Chart

БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байна

2025-06-03 13:40:54

Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт явагдаж байна. Үндэсний сонгуулийн комиссоос мэдээлснээр, сонгуулийн санал хураалт өглөөний 6 цагаас эхэлж, оройн 8 цаг хүртэл нийт 14295 санал авах байраар явагдаж байна. Цэргийн онц байдал тогтоохыг завдсаны улмаас огцорсон Юн Сок Ёлийн дараагийн ерөнхийлөгчийг энэ сонгуулиар сонгоно. Ерөнхийлөгч Юн гэнэт цэргийн онц байдал зарлаж, өмнөх цэргийн дэглэмийн хар бараан түүхийг сэдрээж, улс орноо сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хамгийн хүнд бэрх улстөр, эдийн засгийн хямралд унагасан хэрэг явдлаас яг зургаан сарын дараа энэ сонгууль болж байгааг Ёнхап онцолсон байна.

Сонгуульд нийт 44 сая 391 мянган 871 сонгогч оролцохоор бүртгүүлсэн бол, үүний 15 сая 400 нь өнгөрөгч Пүрэв, Баасан гарагуудад явагдсан урьдчилсан санал хураалтад оролцсон байна. Урьдчилсан санал хураалтын ирц 34,7 хувь болсон нь 2014 онд энэ тогтолцоо нэвтэрсээр түүхэнд хоёрт орох өндөр дүн болсон. Санал тооллогын тухайд санал авах байрууд хаагдсаны дараа эхэлнэ. Санал тооллого маргааш өглөөний 6 цаг хүртэл явагдах боловч ялагч шөнө дундын орчимд тодрох магадлалтайг ҮСК мэдээлсэн байна. Улмаар Лхагва гарагийн өглөө 7-9 цаг хооронд ҮСК өргөтгөсөн хуралдаан зарлаж албан ёсны дүнг баталгаажуулах юм байна. Энэ удаагийнх Юн Сок Ёлийн албыг үргэлжлүүлэх ээлжит бус сонгууль учраас шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Үндэсний Ассамблейд тангараг өргөж албан үүрэгтээ шууд орох учиртай байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид гол хоёр нам Ардчилсан намын Ли Жэ Мён, Ардын хүч намын Ким Мун Су нараас гадна Шинэ Шинэчлэгч намын Ли Жун Сок, Ардчилсан Ажилчны намын Квон Ён Гук, бие даагч Сон Жин Хо нарын 5 нэр дэвшигч өрсөлдөж байгаа.

Санал асуулгуудаар Ли Жэ Мён, Ким Мун Су нар давуу олонхын саналтай яваа, энэ 2 нэр дэвшигчийн дэмжлэг сүүлийн өдрүүдэд нэлээд багассан хэдий ч Ардчилсан намын Ли Жэ Мён Кимээс 10 орчим хувиар илүү байгаа юм. Ли Жэ Мён, Ким Мун Су нарын аль аль нь эдийн засгаа өсгөхийг нэн тэргүүний амлалтаа болгож, мөн ХОУ хөгжүүлэхэд түлхүү анхаарахаа мэдэгдэж байгаа. Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мёний хувьд, Ерөнхийлөгч асан Юны цэргийн онц байдал тогтоох оролдлогод давхар хариуцлага хүлээвэл зохих хүчинд мөн шийтгэл хүлээлгэнэ гэдэг эрмэлзлээр сонгуулийн өмнөх санал хураалтуудыг тэргүүлж ирсэн. Эрх баригч консерватив Ардын хүч намаас нэр дэвшигч Ким Мун Су-гийн хувьд, өрсөлдөгч Ли Жэ Мёнтой холбоотой олон тооны асуудал шүүхээр шалгагдаж байгааг, мөн түрэмгий удирдагчийн хэв маягийг нь шүүмжилж, “дарангуйлалгүй” ирээдүйг бүтээх амлалт дэвшүүлж байгаа юм.

Ямартай ч Өмнөд Солонгосын  дараагийн ерөнхийлөгч улс оронд нь олон сарын туршид үргэлжилсэн улстөрийн тогтворгүй байдал, үзэл бодлоор талцаж хуваагдсан улс үндэстнээ нэгтгэх гол том зорилттой тулгарна гэдгийг ажиглагч шинжээчид хэлж байна.

Сануулахад, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг давтан сонгогдох эрхгүйгээр 5 жилийн хугацаатай сонгодог. Харьцангуй олонхийн мажоритар системээр нэг үе шаттай явагддаг сонгуульд аль олон санал авсан нэр дэвшигч ялна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байна  
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй