Шууд Chart

ИБУИНХУ батлан хамгаалахын зардлаа түүхэн дээд хэмжээнд нэмэгдүүлнэ

2025-06-03 14:31:37

Их Британий Ерөнхий сайд Кир Стармер өчигдөр Засгийн газрынхаа батлан хамгаалахын стратегид тулгуурлаж улсаа НАТО-гийн хамгийн дэвшилтэт гишүүн болгоно гэдэг шинэ зорилтыг  зарласан байна. Москва болон Вашингтонд гол дохио өгөх зорилготой, цэргийн зардлаа нэмэгдүүлэх энэ шийдвэрийнхээ хүрээнд Британий Ерөнхий сайд цөмийн шумбагч онгоцууд шинээр бүтээж, цэрэг армиа Европт дайн болох нөхцөлд бүрэн бэлтгэлтэй болгоно гэж  мэдэгджээ.

Шотланд дахь тэнгисийн цэргийн усан онгоцны үйлдвэрийн ажилчид болон сэтгүүлчдийн өмнө хэлсэн үгэндээ Кир Стармер батлан хамгаалахын салбарын санхүүжилтийг 2027 он гэхэд ДНБ-ий 2,5 хувьд хүргэж, харин 2030 он гэхэд 3 хувьд хүргэнэ гэж мэдэгдлээ. Британий БХЯ-ын сайд Жон Хил, Стармерийн зөвлөхүүдийн боловсруулсан 130 хуудас Стратегийн баримт бичигт эдгээр зорилтыг тусгасан юм байна. ЗХУ задарснаас хойших түүхэнд Их Британи улсын боловсруулсан хамгийн өргөн том цар хүрээтэй салбарын үзэл баримтлал болж байгаа энэ баримт бичигт, шинэ тутам үүссэн аюул занал, тэр дундаа кибер орон зай дахь эрсдэлийг даван туулахад туслах учиртай арга хэмжээг жагсаасан байгаа юм байна. Тухайлбал, Австрали, АНУ-тай хамтарсан АУКУС түншлэлийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт цөмийн шумбагч 12 хөлөг онгоц бүтээнэ, цөмийн хүчийг бэхжүүлэхэд 15 тэрбум фунт стерлинг зарцуулна.

Мөн Британий ердийн зэвсэглэлийн нөөцийг 7000 хүртэл тооны холын тусгалт зэвсэглэлээр нэмж өргөтгөхөөр тусгажээ. Их Британий батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг дахин шинэ хүчээр сэргээх үүднээс цэргийн 6 үйлдвэрийг шинээр барьж байгуулахад 1,5 тэрбум фунт стерлинг хуваарилахаар тусгасан байна. Мөн Британий хамгаалахын салбар руу Оросын талаас өдөр тутам тулгарч байгаа кибер халдлагуудыг сөрөх кибер командлал байгуулахаа мэдээлжээ. Харин Британий армийн цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэхээр энд тусгаагүй юм байна. Европын орнуудын батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг АНУ мөн шаарддаг. НАТО-гийн гишүүн орнууд журмаараа, ДНБ-ийхээ 2-оос доошгүй хувийг энэ салбарт зарцуулах ёстой ч энэ нь тэр болгон мөрдөгдөхгүй байгаа.

Улмаар Ерөнхийлөгч Д.Трамп Европын холбоотнуудаа аюулгүй байдалдаа хангалттай мөнгө зарцуулах хүсэлгүй байна гэж шүүмжлэхээс гадна АНУ НАТО-гоос гарна гэж мөн сүрдүүлж байсан. Их Британийн хувьд энэ баримт бичиг нь Орос НАТО-гийн гишүүн бусад орны нэгэн адилаар Украины дайн эхэлсэн цагаас хойш батлан хамгаалахын зардлаа эргэн харж эхэлсний тэмдэг гэж ажиглагчид хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ батлан хамгаалахын зардлаа түүхэн дээд хэмжээнд нэмэгдүүлнэ  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй