
Германы ГХЯ-ны сайд асан Анналена Бербок НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргаар сонгогдсон байна. Таван тивийн төлөөлөл жил бүр ээлжээр энэ албыг хашдаг уламжлалтай. Ирэх 9 сард эхлэх НҮБ-ын ЕА-н тэгш ой давхацсан 80 дугаар чуулганы даргад Бербок цорын ганц нэр дэвшигч нь байсны зэрэгцээ уг нь тогтсон заншлаар бол энэ албанд нэр дэвшигчийг санал хураалгүй баталдаг журамтай байна. Гэвч Орос улс эсэргүүцэж байснаас санал хураалт явуулснаар 167 улсын саналаар батлагдсаныг НҮБ-ын албаныхан мэдээлсэн байна.
Нууц санал хураалтад 14 улс түдгэлзсэн байна. Улмаар Анналена Бербок дэлхий даяар дайн хямрал үргэлжилж, хөгжлийн зорилтууд гацаанд орж, санхүүгийн дарамт шахалт нэмэгдсэн үед энэ албыг хүлээж авч байгааг НҮБ-ын албан мэдээлэлд мөн онцолжээ. Тэрээр Баруун Европын орнуудаас энэ албанд сонгогдсон анхны эмэгтэй болж байгаа бол, НҮБ-ын ЕА-н түүхэнд 5 дахь эмэгтэй болж байгаа юм байна. Үүний зэрэгцээ 44 настай Бербок түүхэн дэх хамгийн залуу дарга болжээ.
Тэрээр албаа хүлээж аваад хэлсэн үгэндээ, НҮБ улс төр, санхүүгийн хувьд ихээхэн хүнд шахалт дарамт дор байгааг онцлоод, 1945 онд байгуулагдсан цагаасаа хойш хүрсэн ололтоо хадгалж, одоогийн дэлхий даяарх хямрал тэмцлийг шийдвэрлэж, ирээдүйн өмнө тулгамдаж байгаа сорилт бэрхшээлүүдэд дасан зохицоход хүчин чадлаа нэгтгэх шаардлагатайг мэдэгджээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хувьд дэлхийн бүс нутгуудын хэмжээнд шийдвэрлэгдэхгүй ужиг хүнд асуудлуудад олон улсын анхаарлыг хандуулж, хариуцлага тооцох нэн чухал талбарт тооцогддог. Тэр дундаа 2022 онд батлагдсан “Хориг тавих санаачилгыг” хэрэгжүүлж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хориг тавьсан асуудлуудыг ЕА дээр шуурхай журмаар хэлэлцэх журмыг хэрэгжүүлдэг.
ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд асан А.Бербок НҮБ-ын Ерөнхий Ассамблейг даргална | ||
Үзсэн: 468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.