Шууд Chart

“Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ

2025-06-07 11:29:37

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдсан  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын VIII хуралдаан”-ы үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч, ноён Камал Кишортой уулзлаа. 

Уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа болон зөвлөх Э.Батзориг нар оролцсон юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”- ийн хэрэгжилтийн явцыг товч танилцууллаа.

Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд КАДРИ түншлэлийн багийн Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлын чадавхыг үнэлсэн үнэлгээний зөвлөмж,  тус зөвлөмжийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформ” хуралдаанаас гарах уриалгын хамтаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ”-г Монгол Улсад хэрэгжүүлэх III шатны  арга хэмжээний төлөвлөгөөнд  уялдуулан тусган ажиллахаа илэрхийллээ. 

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг  дэмжин, төрийн бодлогод уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллахаа онцолсон юм.
 

Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2026 оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцлоод, Тусгай төлөөлөгч Камал Кишор Монгол Улсын гамшигтай тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад идэвх чармайлт гарган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.


“Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй