
БНСУ-ын медиа уран бүтээлч И Намын “Тал нутгийн гэрэл” нэртэй медиа үзэсгэлэн 2025 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын тусгай үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэн нь “Улаанбаатар биенналь 2025” олон улсын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд зургадугаар сарын 20-ыг дуустал үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн гол онцлог нь таван сонгодог уран зургийг дижитал орчинд дахин бүтээж, орчин үеийн соёл иргэншил, олон улсын түүх, соёлын агуулгатай уялдуулан шинэ урлагийн хэлээр амилуулсан явдал юм. Зургийн пиксел бүрт шинэ санаа, мэдрэмж шингэсэн бөгөөд технологи, уран сэтгэмжийн огтлолцлоор дамжуулан үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрэхүйц уран бүтээлийг толилуулж буйгаар онцлог юм.
Медиа урлагийн чиглэлээр мэргэшсэн уран бүтээлч И Нам нь 2016 оны Бусаны биеннальд Google-ийн Tilt Brush технологийг ашиглан виртуал реалити бүтээл туурвисан анхны солонгос уран бүтээлч юм. Тэрбээр Бельги, Франц, Хятад, Катар, Сингапур, Их Британи, АНУ зэрэг олон оронд нийт 800 гаруй бие даасан болон хамтарсан үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан туршлагатай.
Үзэсгэлэнд багтсан “Солонгос ба Монголын туяа” нэртэй бүтээл нь хоёр орны байгаль, гэрэл, орчлонгийн талаарх үзэл санааг нэг л эх сурвалжаас цацрах нар, сарны туяагаар илэрхийлж, Монгол, Солонгосын уялдаа холбоог урлагийн хэлээр өгүүлжээ.
Мөн “Эх нутаг” шүлгээс сэдэвлэн бүтээсэн бүтээл нь цаг хугацаа, орон зай, байгаль дэлхийн харилцан хамаарлыг дүрслэн үзүүлэхийг зорьжээ гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.

“Тал нутгийн гэрэл” медиа үзэсгэлэнг нээлээ | ||
Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.