
Улс төрөөсөө монголчууд хүч чадал эрэлхийлж байна. Зангараг, шазуур, шийдвэртэй байдлыг хүлээж байна. Хамгийн гол нь хуульт ёсыг шаардаж байна.
Залуус төв талбайд 20 гаруй хоног жагсахдаа чухам юу эсэргүүцсэн юм бэ? Шударга бус байдлыг. Эрх мэдэл, данхар төрийн үрэлгэн тансаглал, бусдын боломжийг булаасан дабль стандартыг эсэргүүцсэн юм. Хуулийн засаглалыг, тэгш байдлыг шаардаж агаа, аниа нарын ичгүүргүй дарамтыг сөрөн зогссон юм. Дүр эсгэсэн биш, жинхэнэ ардчиллыг нэхэж жагссан юм.
Ерөнхий сайдын албанд нэр дэвшиж байгаа Г.Занданшатар судлаач, орчуулагч, номыг чухам “иддэг”, шатрын өрөг дээрээс бодлогын оновчийг эрэлхийлдэг “хүнд” бодлын хүн. Парламентыг удирдаж, олонх, цөөнхийн байр суурь, үзэл санааны солбицлыг тэнцүүлж чадахаа нотлон харуулсан.
Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн, залуусын, олон нийтийг оролцоог хангах бүх алхмуудыг тэр хийсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, D-parliament систем түүний нэрээр овоглоно.
Өнөөдөр толгойтой бүхэн булаалдаж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар тэр хэлэлцүүлж батлуулсан. Хэрэгжүүлж, хөрөнгө төвлөрүүлж, иргэдэд хувь хишиг хүртээхийг шахаж, шаардаж ажилласан нь бас тэр.
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, нэг нам хэт давамгайлсан бус, олон намын оролцоо, жендерийн эрх тэгш байдлыг хангах сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар баталгаажуулах үйл хэргийг оройлсон. Парламентын ардчиллаар нийгмийн ардчилал нөхцөлддөг учир шударга бусыг, тусгай хангамж, төрийн тансаглалыг эсэргүүцсэн залуус төв талбайдаа жагссан юм. Тэдний үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх микрофоны суурийг Г.Занданшатар ингэж цутгасан юм.
Тэр хамгийн ардчилсан, олон талтай, ард түмний Ерөнхий сайд байж чадна. Үнэндээ Ардчиллыг илэрхийлж, хамгаалж, хангаж чадах өнөө цагийн сүүлчийн хүн бол гарцаагүй тэр. Энэ үзэл санаа, баримтлал, зарчим түүнийг хүчирхэг, чигч болгодог юм. Үүгээрээ тэр улам хүч чадал орж, итгэл төгс урагш тэмүүлдэг юм.
Улс төрөөсөө монголчууд хүч чадал эрэлхийлж байна | ||
Үзсэн: 330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.