Шууд Chart

АНУ Ирак дахь элчин сайдын яамнаас ажилчдаа эгүүлэн татна

2025-06-13 12:29:25

АНУ Иракийн Багдад хот дахь элчин сайдын яамны зарим ажилчдаа эгүүлэн татахаар зэхэж байгаа талаар АНУ-ын засгийн газрын эх сурвалж мэдээлж байна. Одоогоор яг ямар шалтгааны улмаас ажилчдаа Ирак дахь дипломат төлөөлөгчийн газраас татаж байгаа талаар албан ёсны мэдээллийг АНУ-ын тал өгөөгүй ч бүс нутагт түгшүүрт байдал нэмэгдэж байгаа тул ийм арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж CBS тэргүүтэй америкийн хэвлэлүүд бичжээ.

Тухайлбал, CBS агентлагийн мэдээлэлд дурдсанаар Израил улс ойрын хугацаанд Иран руу цохилт өгч магадгүй байгаа тул бүс нутгийн нөхцөл байдал түгшүүртэй болж ирж байна гэж үзэж байгаа юм байна. Хэрвээ Израилын зүгээс Иран руу цохилт өгвөл Иран хариу цохилт өгөх нь дамжиггүй. Тиймээс энэ бүс нутгийн болзошгүй аюулаас сэргийлэх арга хэмжээ авна гэж АНУ-ын засгийн газрын эх сурвалж дурдлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн Кеннедигийн төвд өгсөн ярилцлагынхаа үеэр Ойрх дорнодын бүс нутагт оршин сууж байгаа америкийн иргэд болж өгвөл энэ бүс нутгийг орхихыг зөвлөсөн гэж мэдээлсэн байна.

Энэ бүс нутаг дахь түгшүүрт байдал Иран-АНУ-ын хооронд удаан дуншиж байгаа цөмийн яриа хэлэлцээтэй давхцаж байна. АНУ-ын зүгээс Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа гэж буруутгаж, эдийн засгийн хориг тавиад байгаа бол Ираны талаас зөвхөн энхийн зориулалтаар цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж, эрчим хүчний зориулалтаар ашиглаж байна гэсэн хариу өгч АНУ-ыг эдийн засгийн хоригоо сулруулахыг шаардаж байгаа юм. АНУ болон Ираны төлөөлөгчид мөн энэ Ням гарагт Оманд дахин уулзаж хэлэлцэнэ. Хэрвээ хэлэлцээ үр дүнд хүрэхгүй, АНУ-ын талаас Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлбэл Иран заавал хариу арга хэмжээ авна гэж батлан хамгаалахын сайд нь анхааруулсан байна. Саяхан Олон улсын атомын энергийн агентлагаас Иран улс албан ёсоор мэдэгдээгүй орд газраас цөмийн үйлдвэрлэлийн түүхий эд олборлож байсан талаарх тайлан гаргасан.

Энэ тайланг Ираны талаас тэнцвэргүй, алдаатай тайлан гэж дүгнэсэн байна. Энэ долоо хоногоос эхлэн Олон улсын атомын энергийн агентлаг Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Австрийн Вена хотноо хуралдаж өчигдөр шинэ мэдэгдэл гаргалаа. Тухайлбал тус байгууллагын 35 гишүүн орны бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлөөс Ираныг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмийг дагаж мөрдөөгүй гэсэн дүгнэлт гаргаж байна. Ингэснээр сүүлийн 20 жилд анх удаа тус байгууллагаас Ираны цөмийн хөтөлбөрийг ингэж дүгнэж байна гэсэн үг. Улмаар Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хэлэлцэх асуудал болон хүргэгдэх магадлалтай болж ирж байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Ирак дахь элчин сайдын яамнаас ажилчдаа эгүүлэн татна  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй