
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 13-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Олон улсын валютын сантай олон жилийн турш үр дүнтэй, амжилттай хамтран ажиллаж ирснийг онцлоод Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр, сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн төсвийн хэт тэлэлтийг шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент зогсоож, 2025 оны төсвийг 2024 оны түвшинд хүргэж батлахыг зорьсон гэв. Гэвч экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох коксжсон нүүрсний үнийн уналтаас шалтгаалж төсвийн орлого тасалдах эрсдэл үүссэн тул шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн тодотгол хийж, хэмнэлт рүү чиглүүлэх бодлого барьж буйг дуулгаад үүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Мөн Улсын Их Хурал, Төсвийн байнгын хорооноос сүүлийн жилүүдэд хурдацтай тэлсэн төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар ажлын хэсэг гарган судлуулж байна гэлээ.
Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд ажил ихтэй байгаа ч цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд ОУВС-гаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаарх урьдчилсан дүгнэлтийг гаргаж дууссан тул удахгүй зөвлөмжөө хүргүүлнэ гэдгийг онцлон тэмдэглээд цаашид Олон улсын валютын сан бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.