Шууд Chart

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

2025-06-16 10:36:59

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, хүүхдийн эрх, хамгааллын асуудал” сэдвээр /2025.06.13/ хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хуульд оруулсан зарим нэмэлт өөрчлөлтийн улмаас “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын дэргэдэх түр хамгаалах байр санхүүжилтгүй болж, үйл ажиллагаа нь доголдоход хүрчээ.
 
Уг асуудлаар нийслэлийн ЗДТГ-т хандаж, санхүүжилт хүсэхэд “Түр хамгаалах байрыг сум, аймаг, дүүрэг нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяаллаар төрийн болон төрийн бус байгууллагын аль нь байгуулан ажиллуулж болно. Төрийн байгууллагын харьяанд байгуулсан Түр хамгаалах байрны урсгал зардлыг тухайн байгууллага нь хариуцна” гэж заасан тул төрийн бус байгууллагад олгох боломжгүй гэдэг хариу ирүүлжээ. Тиймээс Хүний эрхийн Үндэсний Комисст хандаад байна.
 
Комиссын гишүүн Ж.Хунан “Хууль хоорондын уялдаагүй байдал түүнээс үүсэх гажуудлыг засах, гарц гаргалгаа олох, хууль биелүүлж ажиллах үүрэгтэй албан хаагчдад тулгамддаг асуудлыг сонсох, санал солилцох зорилгоор энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Учир нь Хүчирхийллийн эсрэг төвийн дэргэдэх Түр хамгаалах байр нь хүүхэд хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас орон нутгийн удирдлага, захиргааны байгууллагын зүгээс санхүүжилтыг зогсоосон нь хүүхэд хамгааллын тогтолцоо тасралтгүй, хэвийн ажиллахад сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болгож байна. Зөвхөн төрийн өмчийн хамгаалах байрны зардлыг хариуцаж, төрийн бус байгууллагын төсвийг санхүүжилтийн гадна үлдээж байгаа нь тэнд хамгаалуулж буй хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байна” гэдгийг онцлон хэллээ.
 
Оролцогчдын зүгээс, Төсвийн тухай болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар орон нутгийн чиг үүрэгт хүний хөгжил, хамгаалалтай холбоотой чиг үүрэг хамаардаггүй. Төрийн чиг үүрэгт хамаардаг учраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад тусгагддаг. Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс тухайн дүүргийн үйл ажиллагаанд хамтарч оролцдог ч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шууд харьяалагддаг босоо тогтолцоотой. Тэр утгаараа дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх төсвийг тусгадаг гэв.
 
Мөн нийслэлийн хэмжээнд Нэг цэгийн үйлчилгээний төв-6, Түр хамгаалах 10 байр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс ердөө хоёр Түр хамгаалах байр төрийн бус байгууллагын харьяанд, бусад нь төрийн байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
 
Хэлэлцүүлгийн төгсгөлд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “...гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардал, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган баталж, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэнэ” гэсэн тодорхой заалт байна. Гэвч Төсвийн тухай болон бусад хуультай уялдуулж өгөөгүй. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах талаар ярьдаг атлаа төрийн, орон нутгийн үүрэг гэж заагладаг байдал нь хуулийн зөрчилдөөн үүсгэж, үүнээс болж хүүхэд хохирох ёсгүй. Төр зарим чиг үүргээ төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байгаа тохиолдолд төсөв, санхүүг нь тодорхой тусгаж олгох, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжиж, хамтран ажиллах шаардлагатай.
 
Түүнчлэн хүүхэд хамгааллын бодлогоо олон улсын хандив тусламж болон сайн санаат хүмүүст даатгаад орхих бус, төрийн аль ч шатны байгууллага анхааралдаа бүрэн авч, хяналт тавьж, төрийн албан хаагчид зөвхөн Төсвийн тухай болон “Нэгж”-ийн хуульдаа захирагдах бус бүх хууль тогтоомжийн хэрэгжилтийг адил хангаж ажиллах үүрэгтэй гэлээ.
 
Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, эрх зүйн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл болон төсвийн ахлах мэргэжилтэн Б.Төгслхам, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн холбогдох албан хаагчид, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын захирал Н.Арвинтариа, Баянхонгор болон Завхан аймаг дахь салбарын зохицуулагч Х.Ариунаа, Л.Өлзийжаргал нар оролцлоо.
 
Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй