
ХСҮТ-ийн Ангиографийн эмчилгээний тасгийн эмч нар 2025 оны зургаадугаар сарын 15-нд "Дүрсийн хяналтат судсан дотуурх мэс ажилбар” сэдэвт багц цагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Олон улсад элэгний хортой хавдрын тэжээгч артерийн судсыг сэтгүүрдэн байрлуулсан тусгай катетраар тодорхой хугацааны турш химийн тариа тарьдаг (HAIC эмчилгээ) энэхүү технологи нь хавдрын хожуу үе шатанд үр дүнтэй болохыг зөвлөсөн бөгөөд одоогоор Япон, БНХАУ, Тайвань зэрэг орнуудад хэрэглэж байна.
HAIC эмчилгээ нь TACE эмчилгээний аргачлалтай адил боловч үр нөлөөний хувьд ялгаатай, давуу тал ихтэй юм.
Японы интервеншнал радиологийн нийгэмлэг болон Японы имплантат эмчилгээний нийгэмлэгээс гаргасан удирдамжинд HAIC эмчилгээг хийх химийн тарианы сонголт болон тунгийн 5 өөр төрлийн дэглэмийг тусгасан нь ихээхэн ач холбогдолтой юм.
“Дүрсийн хяналтат судсан дотуурх мэс ажилбар” сэдэвт эмч нарт зориулсан сургалтад Япон улсын Жунтендо их сургуулийн эмнэлгийн Профессор Хироаки Нагамацу зочин илтгэгчээр оролцож, HAIC New FP эмчилгээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Профессор Хироаки Нагамацүгийн хувьд HAIC-ийн New FP төрөл эмчилгээг Япон улсад анх нэвтрүүлсэн ажээ.
Мөн уг сургалтад Монголын Радиологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Хүний гавьяат эмч АУ-ны доктор, профессор Д.Гончигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, АУ-ны доктор М. Адилсайхан, Монголын хавдрын интервеншнал радиологи судлалын нийгэмлэгийн тэргүүн, УНТЭ-ийн Дүрс оношлогооны төвийн дарга, АУ магистр Г.Өрнөлтсайхан тэргүүтэй интервеншнал радиологи, радиологи, онкологийн чиглэлээр ажиллаж байгаа эмч нар болон резидент эмч нар оролцлоо.
Мөн сургалтын үеэр ХСҮТ Ангиографийн тасгийн хамт олон HAIC New FP эмчилгээг бодит тохиолдол дээр хийж буй эмчилгээг оролцогчдод шууд дамжуулан хүргэсэн юм.
Цаашид энэхүү эмчилгээг Монгол Улсад нутагшуулах нь элэгний хорт хавдрын хожуу шат, хавдар нь судсанд нэвчилт өгсөн тохиолдлуудад эмчилгээний сонголтыг нэмэгдүүлж, өвчтөний амьдрах тавиланг уртасгахад чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Эх сурвалж: Хавдар судлалын үндэсний төв
Элэгний хортой хавдрын хожуу шатны эмчилгээний сонголтод шинэ технологи нэмэгдлээ | ||
Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.