Шууд Chart

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

2025-06-17 17:00:42

ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур “Оюу толгой” компанийн “Удирдлагын баг”-ийн төлөөлөл болох “Оюутолгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ерөнхий менежер Э.Хонгорзул нарыг хүлээн авч уулзлаа.  

Талууд энэхүү уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Оюутолгой” компанийн салбар автозамыг хилийн боомт  хүртэлх чиглэлд нүүрсний тээвэрлэлтэд тодорхой цагийн хуваарьтайгаар богинын тээвэрт түр ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцлоо

Уулзалтын эхэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газрын дарга Б.Артур Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн яамнаас Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл солилцсон юм.  

Мөн бүтээн байгуулалтын барилгын ажил албан ёсоор эхэлснийг дуулгаад, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд  “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг ЗТЯ-наас Хятадын талтай эцэслэн тохирч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулж, нээлтийн ёслолыг хамтран зохион байгуулсан гэдгийг тодотгосон юм.

Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, “Тавантолгойн уурхайгаас Ганц мод боомт хүртэл хүргэх нүүрсний тээврийг “Монголын Төмөр Зам” ТӨХК хариуцан гүйцэтгэнэ.

Нүүрсний тээвэрлэлтийг манай улс төмөр зам, автозам хосолсон холимог тээврээр тээвэрлэхээр төлөвлөж буй бөгөөд эхний нүүрс тээврийн галт тэргийг 2025 оны 06 сарын 20-нд явуулахаар төлөвлөж байна.

Иймд Зам, тээврийн яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газраас Гашуунсухайт-Ганцмод боомт чиглэлийн нүүрсний тээвэрлэлтэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших “Оюутолгой” компанийн салбар автозамыг богинын тээвэрт буюу 11 км автозамыг тодорхой цагийн хуваарьтайгаар түр ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

“Оюутолгой” компанийн “Удирдлагын баг”-ийнхан энэхүү саналыг компанийн удирдлагууд дотооддоо хэлэлцэж, дахин уулзаж санал солилцохоор тохиролцлоо.

Уулзалтад Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур, Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцлоо.


“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй