Шууд Chart

Камбож Улс Тайландтай хилийн маргааны асуудлаар олон улсын шүүхэд ханджээ

2025-06-18 11:22:32

Камбож Улс Тайландтай он удаан жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг шийдвэрлүүлэхээр Олон улсын шүүхэд захидал илгээснээ мэдэгджээ. Өнгөрсөн сард тус хоёр улс маргаантай хилийн районд харилцан буудалцсаны улмаас Камбожийн нэг цэрэг амь эрсэдсэн хэрэг явдал болсон байна.

Камбожийн Ерөнхий сайд Хун Манет ням гарагт нийгмийн сүлжээгээр дамжуулан, тус улс маргаантай нөхцөл байдлыг НҮБ-ын дэргэдэх Олон улсын шүүхээр шийдүүлэхээр хандсан гэж мэдээлсэн байна. Тайландын Гадаад хэргийн сайд Пномпений энэ алхамд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, хоёр талын яриа хэлэлцээнд уриалжээ. Хоёр тал өнгөрөгч амралтын өдрүүдэд Камбожийн нийслэлд уулзалт хэлэлцээ хийсэн боловч зөрчилдөөнийг намжаах тохиролцоонд хүрч чадаагүй. Улмаар хоёр орны харилцаа улам муудах болгоомжлол нэмэгджээ.

Тайланд Улс зарим хилийн боомтын хөдөлгөөнийг хязгаарласан бол, Камбожийн тал Тайландаас эрчим хүч, интернэт үйлчилгээ авахыг зогсоож, тайландын кино телевизийн дамжуулалтыг хориглосон байна. Тайланд-Камбожийн хилийн зөрчилдөөн, Прасат Преах Вихеар хэмээх эртний сүм хийдийн бүсэд хил хязгаарыг эцэслэн тохиролцоогүй, харьяаллын маргаантай байдгаас гол үүдэлтэй. Энэ зөрчилдөөний улмаас өмнө нь 2008, 2011 онуудад мөн зэвсэгт мөргөлдөөн дэгдэж байсан удаатай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Камбож Улс Тайландтай хилийн маргааны асуудлаар олон улсын шүүхэд ханджээ  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй