
НҮБ-ын сүүлийн үеийн тайланд дурдсанаар дэлхий даяар дайн мөргөлдөөн, хямрал болж байгаа бүсүүдэд өлсгөлөн улам даамжирч байна. Тухайлбал, Газын зурвас, Судан, Өмнөд Судан, Хаити, Мали зэрэг 13 улсад архаг өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас эдгээр улсуудыг “Өлсгөлөнгийн голомт” гэж нэрлэж, дайн мөргөлдөөн, эдийн засгийн хямрал, цаг уурын онц ноцтой үзэгдлүүдийн улмаас нөхцөл байдал улам дордож байгааг анхааруулжээ.
Ирэх хагас жилд эдгээр бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдаж болзошгүй байгаа тул дэлхийн улс орнуудыг өлсгөлөнтэй тэмцэх тусламжийн санд хөрөнгө оруулах, хүнсний тусламж зорилтот бүлэгтэй баттай хүрч чадаж байгаа эсэхийг бататгахыг НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага уриалж байна. Мөн сүүлийн үед тус байгууллагад үүсээд буй санхүүгийн асуудал, төсвийн хомстол өлсгөлөнгийн голомт бүсүүдэд хүрч туслахад хүндрэл үүсгэж байгааг дурдлаа. “Энэ тайлан бол улс орнуудад өгч байгаа анхааруулга. Бид өлсгөлөн хаана хүнд байгааг мэднэ. Хэн өлсгөлөнд нэрвэгдэх хамгийн их эрсдэлтэйг ч мэднэ. Гол нь санхүүжилт байхгүй бол бид өлсгөлөнд нэрвэгдсэн хүн ардын амь насыг хамгаалж чадахгүй.” гэж НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын гүйцэтгэх захирал Синди МакКейн дурдлаа.
Аливаа бүс нутагт хүн амынх нь багадаа 20 хувь нь хүнс тэжээлийн хомстолд орсон, хүүхдүүдийн 30 орчим хувь нь шим тэжээлийн дутагдалд орсон, 10 мянган хүн тутамд 2 хүн өдөр бүр өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын улмаас эндэж байгаа бол тухайн улс, бүс нутгийг архаг өлсгөлөнд нэрвэгдсэн гэж бүртгэн авдаг байна. Судан улсад зэвсэгт мөргөлдөөн, түүнээс үүдэлтэй орон гэрээсээ дайжих ихсэж, 25 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлд орсны улмаас 2024 онд НҮБ-аас албан ёсоор архаг өлсгөлөнд нэрвэгдсэн улс гэж бүртгэн авчээ.
Харин Өмнөд Суданд үерийн гамшиг, улс төрийн тогтворгүй байдлын улмаас 7,7 сая хүн хоол хүнсний хямралд орж, 63 мянган хүн архаг өлсгөлөнгийн нөхцөл байдалд байна гэж тайланд бичсэн байна. Газрын зурваст одоо ч Израилын цэргийн ажиллагаа үргэлжилж байгаагийн улмаас нийт хүн ам болох 2,1 сая хүн хүнсний архаг хямралд орж, хагас сая хүн ирэх 9-р сар гэхэд архаг өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байна. Эдгээрээс гадна Хаити, Йемен, Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Мьянмар, Нигери зэрэг улсад өлсгөлөнгийн эрсдэл байна гэж үзэж байна. Харин урьд нь НҮБ-ын “Өлсгөлөнгийн голомт” бүсүүдэд багтаж байсан Этиоп, Кени, Ливан улсууд нөхцөл байдлаа дээшлүүлж, энэ жагсаалтаас гарч чаджээ.
НҮБ: Хямрал, дайн мөргөлдөөний бүсэд өлсгөлөн улам даамжирч байна | ||
Үзсэн: 219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.