Шууд Chart

Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа

2025-06-20 10:38:49

Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурал баталлаа.

Энэхүү тогтоолын төслийг нь олон талт хэлэлцүүлэг, тооцоолол дээр үндэслэн боловсруулсан бөгөөд нийслэл болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн тогтолцоог төрийн бодлогод тусгах зорилготой юм. Агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулах, өөрөөр хэлбэл дулаалга сайтай, дулааны алдагдал багатай сууцанд амьдрах явдал юм. Энэхүү тогтоол батлагдсанаар иргэд гэр, байшингаа дулаалах, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчээр халаалтын зардлаа бууруулах боломжтой боллоо. Ялангуяа хүүгийн татаастай хөнгөлөлттэй зээлд хамрагдах замаар дулаалгын хөрөнгө оруулалт хийх нь одооноос эхлэн орон сууц худалдан авсантай адил татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.

Мөн эрчим хүчний хэмнэлттэй, “BestGER” шалгуур хангасан амины орон сууцаа худалдах үед үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татварыг 50 хүртэл хувиар бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгодог төрөл бүрийн дулаалгын болон халаалтын хэрэгслүүдийг хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломж нээгдсэн нь иргэдийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах идэвхийг нэмэгдүүлнэ хэмээн тооцоолжээ. Ажлын хэсгийн хийсэн судалгаа тооцооллоор нийслэлийн гэр хорооллын бүх орон сууц, байшинг стандартын дагуу дулаалж чадвал 2028 он гэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар, 2032 он гэхэд 80 хүртэл хувиар бууруулах бүрэн боломжтой гэсэн үр дүн гарсан. Энэ үндэслэл дээр тулгуурлан энэхүү тогтоолын төсөл боловсруулагдаж, ийнхүү батлагдсан нь томоохон ахиц гэж ажлын хэсгийн гишүүд үзэж байна.

Тогтоолын хүрээнд дараах бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгагжээ. Үүнд:

  • Урт хугацаатай, хүүгийн татаастай ногоон зээлийг бий болгож, түүний 80-аас доошгүй хувийг дулаалга, утаагүй халаалтын тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний шийдэлд чиглүүлэх;
  • Төрийн өмчит сургууль, эмнэлгийн барилгуудыг ногоон барилгын шалгуурт нийцүүлэн төлөвлөх;
  • “10,000 нарны дээвэр” хөтөлбөрийн хэрэгжилтийг шинэчлэн боловсруулж, өрх бүрийг эрчим хүч үйлдвэрлэгч болгох.

Тогтоолд заасан ажлын хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодод танилцуулж байх үүргийг Засгийн газар болон Монголбанк хүлээсэн бол хяналтыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороод хариуцахаар тусгажээ.


Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа   
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй