
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын хуралдаанаас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэр албажлаа.
Онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Нансалын Тавинбэхийг томилж, түүний үйл ажиллагаанд хууль эрх зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт үүрэг болгов.
Мөн эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажил хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
ЗГ: “ДЦС-3”-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Тавинбэхийг томилов | ||
Үзсэн: 183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.