Шууд Chart

Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн боллоо

2025-06-21 11:07:34

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болов. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой Иргэний хууль, Шүүх шинжилгээний тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журам”-д өөрчлөлт оруулах саналыг хүргүүлэхээр тогтов.

Мөн Улсын дээд шүүхийн баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх   жишиг аргачлал”-д нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах Эрүү болон Иргэний хэргийн танхимын хамтарсан Ажлын хэсэг байгууллаа.

Түүнчлэн хууль санаачлагчаас ирүүлсэн “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл” болон “Эвлэрүүлэн зуучлах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл”-д санал хүргүүлэхээр боллоо.

Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Улсын дээд шүүхээс тайлбар авах тухай албан бичиг болон Хууль зүй дотоод хэргийн яамнаас ирүүлсэн Олон улсын гэрээний тухай хуулийн 26.5 дахь заалт, “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц”-ын 1 дүгээр хавсралтад заасан эх бичвэр, монгол орчуулгыг зөв хэрэглэх талаар тайлбар гаргуулах тухай хүсэлтэд хариу өгөхөөр тогтов.

Үүнээс гадна Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, бүртгэхээс татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн албан бичигтэй танилцлаа.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагчийг томилох цахим систем ашиглах журмын төслийг дэмжиж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг болоод бусад асуудлыг хэлэлцсэн юм.


Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй