
Тавдугаар сард Япон улсад өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, үндсэн инфляц 3,7 хувьд хүрснээр 2023 оны 1-р сараас хойш анх удаа энэ хэмжээнд хүрч өссөн үзүүлэлт боллоо. Японы төв банкнаас инфляцыг 2 хувьд барих зорилт тавьж байгаа ч сүүлийн гурван жилийн хугацаанд энэ зорилтод ойртож очсонгүй. Инфляц ингэж хөөрөгдөхөд цагаан будааны үнийн өсөлт түлхүү нөлөөлж байна.
4-р сард Японд тодорхой хэрэглээний бүлгүүдийг хассан инфляцын түвшин 3,5 хувь байсан. 5-р сард энэ хэмжээ 3,6 хувь болж өснө гэж таамаглаж байсан ч энэ төсөөллийг эвдэж 3,7 хувьд хүрчээ. Инфляц өссөөр байгаа тул Японы төв банк бодлогын хүүгээ өндөр хэвээр нь хадгалах төлөвтэй, 2026 оны эхээр бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөх болов уу гэж эдийн засагчид үзэж байна. Японд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаагаас гадна эрчим хүчний үнэ 11,3 хувиар, түлшний үнэ 5,4 хувиар өссөн байна. Японы хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будааны үнэ 4-р сард жилийн өмнөхөөс 98 хувиар өссөн байсан бол 5-р сарын өсөлт 101 хувьд хүрчээ. Япон улсын засгийн газар цагаан будааны хомсдолыг шийдэж, үнийг нь бууруулахын тулд 2-р сараас эхэлж засгийн газрын нөөц дэх цагаан будааг худалдаанд гаргах болсон ч цагаан будааны үнэ тогтворжихгүй байна. Хоёр жилийн өмнөх зун хэт халуун, хуурай байсны улмаас цагаан будааны ургац муудаж, хомсдол үүссэн. Улмаар үнэ нь дагаад хөөрөгдөж эхэлсэн. Өнгөрсөн жил япончууд цагаан будааны хомсдол үүсэх сургаар их хэмжээгээр цагаан будаа авч нөөцөлсөн нь мөн үнийн хөөрөгдөлд нөлөөлжээ. Инфляц өсөх тусам Японы засгийн газрын нэр хүнд улам буурсаар байна. Ирэх сард Японы парламентын дээд танхимын сонгууль болно. Сонгууль дөхөж байгаа энэ үед эрх баригч намынхан, ерөнхий сайд Ишибад ирэх дарамт нэмэгдэж байна. Шигэрү Ишиба сонгуульд бэлтгэж, иргэдийн нуруун дээрх үнийн хөөрөгдлийн дарамтыг бууруулах зорилгоор иргэн бүрд 20 мянган иен, хүүхдүүдэд 40 мянган иений урамшуулал олгохоо амласан. Түүнээс гадна АНУ-ын тарифын бодлого Японы эдийн засагт дарамт үзүүлсэн хэвээр байна.
Ерөнхий сайд Шигэрү Ишиба энэ долоо хоногт Канадад болсон Долоогийн бүлгийн дээд түвшний уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж, тарифын асуудлаар зөвшилцөх зорилготой явсан ч Трамп хурлыг орхин явсны улмаас Ишиба уулзалтаас гар хоосон буцсан. Түүний дипломат яриа хэлэлцээний бүтэлгүйтэл сонгуулийн рейтингт нь нөлөөлж магадгүй байна.
Долоо хоногийн өмнө эхэлсэн Иран-Израилын хямрал дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийг өсгөж, Японд эрчим хүчний үнэ өсөж, инфляц хөөрөгдөхөд мөн нөлөөлөх төлөвтэй байна.
Японд цагаан будааны үнэ жилийн өмнөхөөс 101 хувиар өсжээ | ||
Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.