Шууд Chart

БНСУ иргэддээ 10 их наяд воны урамшуулал олгохоор төлөвлөж байна

2025-06-21 13:31:26

БНСУ-ын шинэ засаг захиргаа эдийн засгийн өсөлтөө дэмжих зорилгоор 30,5 их наяд воны нэмэлт төсөв батлуулахаар өргөн барилаа. Засгийн газрын зүгээс 20,2 их наяд воныг эдийн засгийн савлагаанд өртөмхий салбаруудыг дэмжихээр хөрөнгө оруулах бол 10,3 их наяд воныг иргэдийн гар дээр урамшуулал болгон өгөхөөр амлаж байгаа юм байна.

Тангаргаа өргөөд хоёр долоо хонож байгаа Ерөнхийлөгч И Жэ Мён анх мөрийн хөтөлбөртөө хэт суларсан Өмнөд Солонгосын эдийн засгийг эргэн сэргээнэ гэсэн амлалтыг тусгаж байсан. Өнгөрсөн сард Солонгосын төв банк энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвөө 1,5-аас 0,8 хувь болгож эрс бууруулсан. Улс төр, нийгмийн тогтворгүй байдал, АНУ-ын тарифын бодлого зэргээс үүдэн энэ оны эхний улиралд БНСУ-ын эдийн засаг агшсан үзүүлэлттэй гарсан.

Шинэ Ерөнхийлөгч И Жэ Мёны нэмэлт төсвийн дийлэнх хэсгийг иргэдэд олгох урамшуулал эзэлж байна. Энэ төсөв батлагдвал Өмнөд Солонгосын 51 сая хүн амын 84 орчим хувь нь төрөөс 250 мянган воны урамшуулал авна. Үлдсэн хувь нь орлогын хэмжээнээс шалтгаалж үүнээс нэг бол их, нэг бол бага урамшуулал авахаар байна. И Жэ Мён анх Соннам хотын захирагч байхдаа иргэдэд урамшуулал олгох төлөвлөгөө танилцуулж байжээ. Түүний энэ төлөвлөгөөг Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн үед КОВИД цар тахлын хүндрэлийг давж гарах зорилгоор үндэстэн даяар хэд хэдэн удаа хэрэгжүүлж байсан байна.

Гэхдээ энэ хөтөлбөр хэр үр дүнтэй байсан эсэх дээр шүүмжлэх хүмүүс олон байдаг. Урамшууллаас үлдсэн 20 их наяд воны нэмэлт төсвийг барилгын салбар, хиймэл оюун ухаан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, жижиг бизнесүүдийн өрийн бүтцийг шинэчлэн өөрчлөх зэрэгт хуваарилан хөрөнгө оруулах төлөвтэй байна.

Нийт 30,5 их наяд воны нэмэлт төсвийн 19,8 хувийг засгийн газраас нэмэлт бонд гаргаж бүрдүүлэх бол 10,3 хувийг нь татварын орлогоос босгох төлөвтэй байна. Өнгөрсөн 5-р сард Өмнөд Солонгосын үндэсний ассамблейгаас 13,8 их наяд воны нэмэлт төсөв баталсан. Үүн дээр нэмээд дахин нэмэлт төсөв баталбал тус улсын санхүүгийн алдагдлын хэмжээ ДНБ-ий 4,2 хувьтай тэнцэж өсөх бол улсын өр 49 хувь болж өснө гэж эдийн засагчид тооцоолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ иргэддээ 10 их наяд воны урамшуулал олгохоор төлөвлөж байна  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй