
Боловсролын Үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтын сэдэв, даалгаврын талаар Боловсролын үнэлгээний төвийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц мэдээлэл өглөө. Тэрбээр “Элсэлтийн шалгалт дөрвөн хоног амжилттай явагдсан. Элсэлтийн шалгалт явагдаад дууссаны дараа элсэлтийн шалгалтын материал хүнд, бэлдэж байсан агуулгаас өөр байлаа гэдэг гомдол мэдээлэл тогтмол гардаг.
Элсэлтийн шалгалт уралдаант шалгалт учраас тухайн хүүхдийн авьяас, ур чадвар, мэдлэгийг эрэмбэлж, жагсаадаг. Элсэлтийн шалгалтаар хүүхдүүдийг уралдуулах зорилготой бөгөөд тухайн хүүхэд өөрийгөө хамгийн сайн гэсэн хичээлээр шалгалт өгч, өөрийгөө сайн гэдгээ харуулж, хүсэж байгаа сургуульдаа орох боломжийг нээж өгдөг. Шалгалтын агуулгыг сургалтын үндсэн хөтөлбөрийн дагуу хийгдэг. Тухайн хүүхэд хөтөлбөрийн дагуу мэдлэг эзэмшсэн байна уу гэдгийг сургалтын хөтөлбөрөө барьж сэдэв даалгаврыг боловсруулдаг.
Сэдэв даалгаврыг боловсруулагч нарыг тодорхой шалгуурын дагуу сонгож авдаг. Нэг хичээл дээр гурван хүн ажилладаг. Хоёр хүн элсэлтийн шалгалтынхаа материалыг боловсруулдаг. Нэг хүн хөндлөнгийн хянагчаар ажилладаг юм. Элсэлтийн шалгалтын агуулга хүнд байдаг гэдэг нь хэмжүүр үзүүлэлт нь өнгөрсөн жилийн оноос хэт доошоо унахаар элсэлтийн шалгалт хүнд байна гэж харагдуулдаг. Энэ жилийн үр дүн өнгөрсөн жилүүдтэй ойролцоо байгаа. Элсэлтийн шалгалтын сэдэв даалгавар стандартын дагуу боловсруулагдаж байгаа. Шалгалтын агуулгад 6-12 дугаар ангийн хичээлээс оруулдаг. Эдгээр бүрэн багтаах боломжгүй учраас гол агуулга, ач холбогдолтой уялдуулж боловсруулдаг.
Элсэлтийн шалгалтад хөнгөн даалгавраас хүнд даалгавар орох шаардлагатай байдаг. Хэт хөнгөн даалгавар орох юм бол бүх хүүхдүүд өндөр оноо аваад эрэмбэлэх боломжгүй. Хэт хүнд даалгавар оруулахаар бүх хүүхдүүд шалгалтаа хангалттай хэмжээний оноо авч чадахгүй. Иймээс элсэлтийн шалгалт энгийнээс дундаж, хүнд түвшин даалгаврыг оруулж өгдөг. Элсэлтийн шалгалтын даалгаврыг Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутгуудад хүргүүлдэг. Тиймээс даалгавар задрах ямар ч боломжгүй” гэв.
С.Гэндэнжамц: Шалгалтын агуулгад 6-12 дугаар ангийн хичээлээс оруулдаг | ||
Үзсэн: 126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.