Шууд Chart

УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав

2025-06-25 05:47:18

Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлэг 2025 оны зургаадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус уулзалт-хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурал дахь 4 намыг төлөөлсөн эмэгтэй гишүүд Олон улсын парламентын холбооны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, А.Ариунзаяа, М.Мандхай, Х.Баасансүрэн, Б.Жаргалан, С.Замира нар оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин уулзалтын эхэнд Олон улсын парламентын холбоо үүсгэн байгуулагдсаны 136 жилийн ой, Эмэгтэй парламентчдын форумын 40 жилийн ой болон Олон улсын парламентын өдрийн мэндийг Монгол Улсын Их Хурлын гишүүдийн өмнөөс дэвшүүлж, уулзалтад оролцож байгаа гишүүдийг танилцууллаа.

Тэрбээр, нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтооход парламентын үйл ажиллагаа голлох үүрэгтэй бөгөөд эрх тэгш байдал, иргэдийн оролцоо, олон талын төлөөллийг хангасан байх нь чухал ач холбогдолтойг тодотгов. 1992 оны Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийн дүнгээр 76 гишүүн сонгогдсоны 3 нь эмэгтэй гишүүн байсан. Харин 2023 онд нийгмийн олон бүлгийн төлөөллийг хангах, сонгогчдын саналыг гээхгүй байх, парламентын гишүүдийн төлөөллийн чадавхыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд 2024 оны Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр сонгогдсон 126 гишүүний 32 нь эмэгтэй гишүүн байсан. Парламентын 25.4 хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлж байгаа нь Ази тивдээ парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувиар тэргүүлэгч орны нэг болоод байна гэлээ.

Олон улсын парламентын холбооны ажлын хэсгийн төлөөлөл Парламент дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн гарын авлагыг танилцууллаа. Энэхүү гарын авлагад эмэгтэй гишүүдийн парламентын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж, арга, туршлага багтсан байгаа бөгөөд эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагаа иргэний нийгмийн байгууллагуудтай илүү ойр ажиллавал зохистой байдаг талаар дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 


УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй