Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа

2025-06-25 12:22:05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Хоёр улсын төрийн тэргүүний хэлсэн үгийг хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Узбекистан Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Шавкат Мирзиёев Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны зургаадугаар сард Евроазийн төвд орших түүх, соёлын өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт танай сайхан оронд эрхэм Ерөнхийлөгч Таны урилгаар анхны төрийн айлчлал хийснээ эргэн дурсахад таатай байна.

Хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл юм.

Энэхүү айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 33 жилийн хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.

Айлчлалын хүрээнд эрхэм Ерөнхийлөгч та бид, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа.

Узбекистан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай орон болж буйг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэхүү төрийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийн биелэлт, үр дүнг дүгнэн хэлэлцэж, харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Айлчлалын үр дүнгээр “Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал” гаргаж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Агаарын болон олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болсон баримт бичгүүд байгуулсан билээ.

Тэгвэл Эрхэм Ерөнхийлөгч таны төрийн айлчлалаар  харилцааг хууль, эрх зүй, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулан Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Тухайлбал, “Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх салбарт хамтран ажиллах тухай протокол”, “Ургамлыг хамгаалах, хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр” болон “Соёлын салбарт 2025-2028 онд хамтран ажиллах хөтөлбөр” зэргийг онцлон тэмдэглэе.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  өө,

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндөр үнэлж байна.

Та бид 2024 онд Ташкент хотноо хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон нь богино хугацаанд биеллээ олж, эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

“Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын комисс” болон “Автотээврийн хамтарсан хороо”-г шинээр байгуулж, анхдугаар хуралдаануудыг 2025 оны хоёрдугаар сард   амжилттай зохион байгуулсан.

Хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохирч, “Узбекистаны худалдааны төв”-ийг Улаанбаатар хотноо нээлээ.

Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 100 мянган толгой хонь, ямааг Узбекистан Улсад нийлүүлж байна.

Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, бэлчээрийн мал аж ахуйн нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуйн салбарт хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Бид өнгөрсөн онд “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлсэн нь үр өгөөжөө өглөө.

Монголын агаарын тээврийн компани энэ оны хоёрдугаар хагасаас Улаанбаатар-Ташкент чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр боллоо.

“Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т үндэслэн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор тээвэр, логистикийн шинэ чиглэл бий болгохоор тохирсны дагуу Ташкент-Бишкек-Урумчи-Улаанбаатар чиглэлийн авто коридор нээж, авто цувааг амжилттай эхлүүллээ.

Мөн айлчлалын хүрээнд “Монгол-Узбекистаны бизнес форум”, “Узбекистанд үйлдвэрлэв” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоо улам бүр бэхжиж, Узбекистаны бараа, бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд таниулах чухал үйл явдал боллоо.

Энэ ялдамд Узбекистан Улсад үйл ажиллагаа эрхэлж буй манай аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин, хамтран ажиллаж буй Узбекистаны талд талархал илэрхийлье.

Монгол-Узбекистаны аялал жуулчлалын форум, фото үзэсгэлэн, узбек үндэсний хоолны өдөрлөгийг анх удаа хамтран зохион байгуулсан нь улс орноо харилцан таниулах, нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Улаанбаатар хотноо узбекийн авьяаслаг уран бүтээлчид анх удаа өөрийн орны соёл, урлагийн дээж болсон бүтээлүүдээр манай ард түмний сонорыг мялааж, сэтгэлд хоногших сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэнд сэтгэл өндөр байна.

Уул уурхай, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндэс суурийг тавьж,  “Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгууллаа.

Узбекистанд дээд боловсрол эзэмшсэн олон монгол залуус найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болж ирсэн сайхан уламжлалтай.

Бид “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулсан нь энэ түүхэн уламжлалыг сэргээж, оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлгээр харилцан сургахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх арвин их нөөц бололцоо бидэнд байна. Өсвөрийн боксын болон хүндийн өргөлтийн шигшээ баг, тамирчдын хамтарсан нөхөрсөг бэлтгэл, сургуулилт хийж буй нь харилцан туршлага солилцох, баг, тамирчдын тэмцээн  зохион байгуулах үндэс суурь боллоо.

Уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад хувь нэмэр оруулахаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Ногоон ирээдүй” төслийг уялдуулан хэрэгжүүлэх чиглэлд хамтрахаар  санал нэгдлээ.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ харилцан нотоллоо.

Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Узбекистан Улс нэгдэн орж буйд талархал илэрхийлье.

Энэ байгууллагын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, эдгээр улс орнуудын байр суурийг нэгтгэх, харилцан туршлага солилцох хамтын үйлсэд Узбекистан Улстай хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Тантай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна.

Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, ахан дүүсийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.


БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн төлөөгчид өө,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Биднийг урьж, Улаанбаатар хотод ирсэн эхний мөчөөс халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, миний анд, Эрхэм хүндэт ноён У.Хүрэлсүх танд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлье.

Энэ бол Узбекистаны Ерөнхийлөгчийн танай улсад, мөнх хөх тэнгэрийн сайхан оронд хийж буй анхны төрийн айлчлал гэдгийг онцгойлон тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энэ нь найрамдал, хүндэтгэл, итгэлцэл, харилцан ашигтай байдалд суурилсан, олон талт харилцааг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөөх хамтын хүсэл эрмэлзэл бэхжиж байгааг гэрчилж байна.

Юуны түрүүнд ноён Ерөнхийлөгч болон найрсаг Монголын ард түмэнд удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол анд нөхдийнхөө нийгэм, эдийн засгийн шинэчлэл хийх чиглэлээр гайхалтай амжилт олж байгаад нь чин сэтгэлээсээ баярлаж, та бүгдийн энхийг эрхэмлэгч гадаад бодлогыг бүрэн дэмжиж байна.

Улаанбаатар хот руу ойртох тусам, хот руу орж ирэхдээ улс орны хөгжлийг хараад үнэхээр их гайхсанаа хэлэлцээний үеэр би тэмдэглэсэн. Танай улсаа хөгжүүлэх “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого бодит үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна.

Монгол Улсын эдийн засаг тогтмол өсөж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц хөгжиж байгааг харж байна. Хархорум хотыг сэргээн босгох ажил эхэлсэн. Тууштай, прагматик, идэвхтэй бодлогын ачаар танай улсын олон улс дахь нэр хүнд өсөж байна.

Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Монгол Улс бол бидний уламжлалт, найдвартай түнш. Узбек, Монголын харилцаа хэзээ ч нөхцөл байдлаас шалтгаалж байгаагүй. Өнөөдөр бид “Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, харилцаа, хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүллээ.

Албан ёсны хэлэлцээ нээлттэй, ажил хэрэгч уур амьсгалд болж, хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг нарийвчлан хэлэлцлээ. Бид нөхцөл байдлын талаар сайтар дүн шинжилгээ хийж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө тодорхойллоо.

Өнгөрсөн жил Ташкентад болсон уулзалтын дараа бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжсэн. Хоёрдугаар сард Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан амжилттай болсныг би хэлэлцээний үеэр дурдлаа.

Өнөөдөр Эрхэм Ерөнхийлөгчтэй НҮБ, ШХАБ болон бусад олон талт бүтцийн хүрээнд нягт хамтарч, харилцан бие биеэ дэмжихээр тохиролцлоо. Хэлэлцээний үеэр эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарлаа. Ирэх жилүүдэд эрэлт хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар худалдааны эргэлтийг хэд дахин өсгөх зорилт тавилаа.

Улаанбаатар хотноо “Узбекистаны худалдааны төв” нээсэн нь энэ ажлын суурь боллоо. Айлчлал өмнөхөн аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, гэрээ, хэлэлцээр байгууллаа. Аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхол улам нэмэгдэж байна. Тэдний санал, санаачилгыг бүх талаар дэмжих болно.

Хөнгөлөлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалахтай холбоотой хэлэлцээрийг аль болох богино хугацаанд байгуулахаар тохиролцлоо. Бид бие биеэ үр дүнтэй нөхөж чадах салбарууд дахь хамтын ажиллагааны  чиглэлүүдээ тодорхойллоо.

Тухайлбал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос, арьс, шир боловсруулах төслүүдийг хэлж болно. Далайд гарцгүй орнуудын хувьд бид үр ашгтай тээврийн чиглэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ирэх намраас хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөсөн.

Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Бид соёл, боловсролын салбарт идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо. Хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсныг та бүхэн харсан.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо “Узбекистаны соёлын өдрүүд”, аялал жуулчлалын үзэсгэлэн, концерт, байгууллага хоорондын уулзалтууд болж байна. Бид тодорхой квотын хүрээнд авьяаслаг монгол залуусыг Узбекистаны тэргүүлэх их, дээд сургуульд сургаж байсан сайхан уламжлалыг сэргээхэд бэлэн байна.

Албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсонд сэтгэл хангалуун байна. Гарын үсэг зурсан баримт бичиг, гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ, төслүүд бүхий Замын зураг батлахаар тохиролцлоо. Үүнд Засгийн газар, гадаад хэргийн яам хяналт тавих болно.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад хийсэн төрийн айлчлал түүхэн айлчлал болж, бидний олон талт хамтын ажиллагааг эрчимтэй, халуун дулаан, тодорхой агуулгаар дүүрэн боллоо.

Мартагдашгүй зочломтгой, ажил хэрэгч арга барилтай, санал санаачилгыг бүрэн дэмжиж ирсэн Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, найз У.Хүрэлсүх танд дахин дахин талархал илэрхийлье.

Энэ завшааныг ашиглан эрхэм найзаа Узбекистан Улсад айлчлахыг урьж байгаагаа дахин хэлье. Хэвлэл мэдээллийн төлөөлөгч та бүхэнтэй Узбекистанд уулзахдаа баяртай байх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа   
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй