Шууд Chart

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хөдөө аж ахуйн салбарт иж бүрэн түншилнэ

2025-06-25 18:01:26

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ)-ын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд И.А.Касымов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,  Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нарын хооронд хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх хэлэлцээрийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцлаа.

Үүний тулд тээвэр ложистик салбарт хамтын ажиллагаагаа нягтруулж, худалдааны тарифын бодлогоо харилцан бууруулахаар тохиролцсон. Үр дүнд нь хоёр улсын худалдааны эргэлтийг одоогийн дүнгээс 10-20 дахин нэмэгдүүлэх боломжтой гэдэгт хоёр тал санал нэгдсэн.

БНУзбУ, Монгол Улсаас 100 мянган толгой амьд хонь, ямаа худалдан авахаар шийдвэрлэсэн. Ойрын хугацаанд 50 мянган толгой тус улс руу экспортод гаргах ажлын зохион байгуулахаар тохиролцов. Мөн БНУзбУ боловсруулсан арьс шир, ноос ноолуур импортлох сонирхлоо илэрхийлсэн бөгөөд Монгол Улсаас сургагч багш нар авч ажиллуулна гэдгээ илэрхийллээ.

Монгол Улс, БНУзбУ-аас 15 төрлийн төмс, хүнсний ногоо тэргүүтэй ургамлын сорт нийлүүлж, тарьж нутагшуулах туршлага, дөрвөн улирлын хүлэмжийн технологи нэвтрүүлэх,  монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр, бэлчээрийн мал аж ахуйн нөөц бололцоонд тулгуурлан хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрийг нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр санал нэгдэв.


Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хөдөө аж ахуйн салбарт иж бүрэн түншилнэ  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй