Шууд Chart

Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү

2025-06-26 11:23:32

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтах бөгөөд биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо, нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана. 

Он гарсаар нийслэлийн Байгаль орчны газарт суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтны 39 дуудлага ирснээс 9  нь могойн дуудлага байна. Могой нь оройн 18 цагаас хойш дуудлага ирэх их бөгөөд хот орчим хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууцны хотхон, хотхоны автограш аж ахуй нэгж байгууллагын авто зогсоол, барилгын суурь, шат орчмоос олдох нь их байдаг. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт хөдөө орон нутагт аялж яваад ирсэн иргэдийн авто машины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Энэ нь хотын аль ч дүүрэгт могой орж ирэх боломжтой байгаа тул орон сууц хотхоны оршин суугчид СӨХ, албан газруудын жижүүр, зам талбайн цэвэрлэгээний ажилчид тухайн орчиндоо өглөө, үдэш оройн цагаар хашаа хашлага, шат, барилгын суурь, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж орчмын нүх сүвтэй газруудад сайтар ажиглалт хийн сэжигтэй болон могой таарсан тохиолдолд бусдад анхааруулж ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.


Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй