
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч түншүүдийг /2025-06-30/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар олон улсын харилцааны ээдрээтэй, талцал хуваагдлаас үүдэлтэй эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад шударга, ил тод, хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улс тогтвортой, найдвартай гадаад орчин бүрдүүлэхэд анхаарч буйг тодотгоод, Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана гэж мэдэгдлээ.
Урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийнхний санал хүсэлтийг сонсож, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, иргэд, түнш, хөрөнгө оруулагч зэрэг бүхий л талд харилцан ашигтай байдлыг бий болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв. Гадаад нөхцөл байдал, түүхий эдийн үнэ буурсантай холбогдуулан төрийн зардлыг бууруулах, төрийн бүтцийг оновчтой болгож “тоо биш чанарт” суурилсан шинэчлэл, төсвийн тодотгол хийхээр Засгийн газрын зүгээс зорьж буйг онцоллоо.
Монголын залуус олон улсын спорт, оюуны тэмцээнд амжилт үзүүлж буйг дурдан, ирээдүй өөдрөг байгааг тэмдэглэв. Тухайлбал, “3x3” сагсан бөмбөгийн дэлхийн аваргад Монголын охид мөнгөн медаль хүртсэн, цахим спортын “MongolZ” баг хоёрдугаар байр эзэлсэн, мөн монгол охин шатрын дэлхийн аваргад амжилттай оролцсон тухай жишээг дурдсан юм.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлуудыг өнгөрсөн сард Монгол Улсад амжилттай зохион байгуулсныг тэмдэглэн, удахгүй Улаанбаатарт болох “Монголын Эдийн засгийн форум”, “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д төлөөлөгчдийг урьж, өргөнөөр оролцохыг уриаллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын төгсгөлд “Манай хамтын ажиллагааны амжилт бол харилцан итгэлцэл, түншлэл дээр тогтдог. Энх тайван, хөгжил дэвшил, найрамдалт харилцаандаа үнэнч байж, хамтдаа урагшлахыг уриалж байна” гэж хэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа | ||
Үзсэн: 203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.