Шууд Chart

Нэрт нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол хүртэхээр болжээ

2025-07-05 17:51:44

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн мэргэжлийн нэрт нэвтрүүлэгч, олноо “Чоглоо” хэмээн дотночлон дууддаг Гомбосүрэнгийн Чоглоонамжил Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн босгон дээр  “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн” цол, тэмдгээр шагнагдах болсон тухай таатай мэдээ түгж эхэллээ.

Ховд аймгаас төрсөн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Дагвын Гомбосүрэн гуайн бага хүү Г.Чоглоонамжил нь олон арван жилийн турш Монголын үндэсний олон нийтийн телевизийн нүүр царай болж, МҮОНРТ-ийн "Цаг хүрд" мэдээллийн хөтөлбөр, цаг үеийн мэдээ болон урлаг, уран сайхны  олон уран бүтээлээр дамжуулан ард түмэнд хүрч, үе үеийн үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн нэрт нэвтрүүлэгч, хөтлөгч юм. 

Тэрбээр, "Аавын гэрээс эрдэм номын мөр хөөхөөр нийслэл зорьсноор Чоглоонамжил гэдэг бие хүн бий болсон. Хөдөөгийн шар хүү хотын соёлд алзсангүй. Олны дунд орж, олонтойгоо эвтэй байхын ухааныг суулгасан эцэг, эхийн минь ач их юм. Зорьсондоо хүрч, төрийн захиргааны удирдлагаар мэргэжил эзэмшин, сүүлд магистраа ч хамгааллаа. Энэ хоорондох миний амьдралын нэгэн чухал зам бол Монголын Үндэсний телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч болсон явдал байлаа" хэмээсэн байдаг.

Түүний  өнө их хөдөлмөрийг төр, түмэн ийн үнэлж, "Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн" эрхэм цол хүртээх болсон нь Монголын телевизийн урлагт өргөсөн үнэт хувь нэмрийг нь алдаршуулсан бахархалтай үйл явдал болж байна.


Нэрт нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол хүртэхээр болжээ  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Tudev Oyundelger [127.0.0.xxx] 4 цаг 32 минутын өмнө
Bayr hugei saihan hunuussuu az jargal husii

Бидэнтэй нэгдээрэй