Шууд Chart

Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн үйл явцтай танилцав

2025-07-08 11:49:24

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнгөрсөн амралтын өдөр буюу долоодугаар сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн үйл явцтай танилцлаа.
 
Уг байгууламж нь хуучин төв цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд 2020 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэснээр дээрх төсөл хэрэгжиж эхэлсэн юм.
 
Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн зохицуулагч Г.Чулуунбат төслийн хэрэгжил явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр танилцуулгадаа “Өнөөдрийн байдлаар шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 98 хувьд хүрсэн бол тоног төхөөрөмж суурилуулах ажил 90 хувьтай, технологийн 35 төрлийн 55 барилга байгууламж инженерийн шугам сүлжээ дэд бүтцийн ажил 94 хувьтай үргэлжилж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийг энэ оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” талаар дурдав.
 
Төслийн Ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциумын Ерөнхий инженер Жанг Жиа Вэй нь ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хандан цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж буй хаягдал усны стандарт шаардлагыг хангуулах, цаашид хаягдал лагийн асуудлыг шийдвэрлэх үүднээс лаг шатаах технологийг нэвтрүүлэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.
 
Дээрх уулзалтад ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс, Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, төслийн зохицуулагч Г.Чулуунбат, БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциумын төслийн захирал Лью Хай Юнь, Ерөнхий инженер Жанг Жиа Вэй нар оролцлоо гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 
 

Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн үйл явцтай танилцав  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй