Шууд Chart

БНХАУ-ын ГЕГ-ын удирдлагуудтай махны экспортын асуудлаар уулзалт хийлээ

2025-07-08 16:58:09

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын удирдлагууд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдааг нэмэгдүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа Улаанбаатар хотноо хийлээ.

Энэ удаад Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Сайдын зөвлөх Т.Мөнхтөр, Гаалийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Үндэсний боомтын захиргааны албаны дарга Жан Баөфэн тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч уулзсан.

Уулзалтаар Монголын талаас БНХАУ руу хийж буй мах, махан бүтээгдэхүүний экспортын төрөл, тоо хэмжээг өсгөх, тус улсын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд хүргэх, нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндлөө. Үүний тулд хоёр тал хамтран хил дамнасан мал, амьтны гоц халдварт өвчнийг, тандах, шинжлэх, хүний нөөцийг сургах, дадлагажуулах, мэргэжилтэн солилцох саналаа илэрхийлэв.

БНХАУ-ын гаалийн байгууллагын төлөөлөгчдийн зүгээс хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд хорио цээрийн үйлчилгээг хөнгөвчлөхийг бүхий л талаар дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Тухайлбал, хоёр тал хамтран олон улсын стандартад нийцсэн хорио цээрийн механизм бий болгохыг санал болголоо. Мөн хорио цээрийн мэдээллээ харилцан солилцох, үүндээ тулгуурлан нэг цонхны гаалийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх, гаалийн зөрчилтэй хамтран тэмцэх зэрэг ажлуудыг эрчимжүүлэх боломжтой гэдгээ тодотгосон юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


БНХАУ-ын ГЕГ-ын удирдлагуудтай махны экспортын асуудлаар уулзалт хийлээ  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй