Шууд Chart

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

2025-07-10 12:15:53

 

Өнөөдөр “Төрийн далбааны өдөр” тохиож байна. Энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид уламжлал ёсоор цэргийн ёслолын жагсаалаар Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ. Төрийн далбаа болон Зэвсэгт хүчний Жанжин тугийг хүндэтгэлийн байранд залсны дараа Батлан хамгаалахын сайд Д.Батлут бие бүрэлдэхүүнтэй мэндчилж,  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхэд цэргийн ёслолын жагсаал эхлэхэд бэлэн болсон тухай илтгэлээ.

Төрийн далбааг мандуулах үед хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, 21 удаа ёслолын буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ.   Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ард иргэд, цэргийн ёслолын жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүн, үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, зочдод  хандаж үг хэллээ.

Тэр бээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон “Төрийн далбааны өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүллээ.

Туурга тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, өнөд оршин тогтнохын илэрхийлэл, монгол түмний баатарлаг түүх, эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл болсон Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх эх оронч үзэл, үндэсний бахархлыг ард иргэд, залуу үедээ төлөвшүүлэхэд энэ ёслолын утга учир оршдогийг хэлэв.

Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хангах, өв соёл, түүх уламжлал, ёс заншлаа дэлхий дахинд сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, төрт ёсоо хүндэтгэн дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хэмжээний ёслол болсныг тэмдэглэлээ.

Мөн ёслолын жагсаалд оролцож буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад амжилт хүсэж, ард түмэн, үе үеийн эх орончид, ахмад дайчид, энхийг сахиулагч нарт талархал илэрхийллээ.

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 23 салбар, түүний дотор Москва хотноо болсон Ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд улсаа төлөөлөн оролцсон цэрэг эрс, Төрийн хүндэт харуулын дайчид, 2 морьт салаа, Улаанбаатар цэргийн хүрээний нэгдсэн найрал хөгжмийн гээд нийт 1,400 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.

Морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Ардын журамт цэрэг, Ардын армийн туг болон Төрийн далбааг залан явснаар “Төрийн далбааны өдөр”-т зориулсан ёслолын жагсаал өндөрлөлөө.

Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр командаллаа.

Жагсаалыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, ахмад дайчид, иргэд, жуулчид үзэж сонирхлоо.

2009 оноос хойш жил бүрийн 07 дугаар сарын 10-ны энэ өдөр Төрийн далбаагаа мандуулж, хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал бөгөөд Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл билээ.

Төрийн далбаан дээрх Соёмбо нь улс орон эгнэгт мандан бадарч, ард түмэн нь эв найрамдал, шударга ёсыг сахин, өнөр өтгөн, өнөд цэцэглэн хөгжих гүн утга агуулдаг юм.

 

 

 

 


“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй