Шууд Chart

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдэгдэл гаргалаа

2025-07-10 13:42:23

УИХ  дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр гаргасан мэдэгдэл:

Монгол Улсын Их Хурлаас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Үндэсний их баяр наадмаар Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгалын ойтой хамтатган Ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэхээр болсон.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулсан энэхүү өөрчлөлт нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, төрт ёсны уламжлалыг нандигнан өвлүүлэх, эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж Монгол Улсын Их Хурал үзсэн.

Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд хуулийг төрийн бүх шатны байгууллга, албан тушаалтан хэлбэрэлтгүй даган мөрдөх үүрэгтэй билээ. Гэвч зарим тохиолдолд хууль сурталчлах үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас шалтгаалан улсын хэмжээнд аливаа батлагдсан хууль хэрэгжихгүй байна.

Иймд “Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ.” гэсэн хуулийн заалтыг улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт хариуцлагатайгаар МЭДЭГДЭЖ БАЙНА.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн мэнд хүргэе!

Та бүхэн сайхан наадаарай!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

 


УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй