Шууд Chart

Н.Наранбаатар: Монгол оронд хүн бүхэн тавтай морилоосой, зан заншил, гайхалтай үнэт зүйлүүдийг хараасай гэж бодож хийсэн

2025-07-11 15:35:19

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажилласан.  Наадмын ерөнхий найруулагч Н.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.  

 

-Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулсан. Юуг түлхүү харуулахыг зорьсон бэ?

-Энэ жилийн наадам онцлогтой болж байна. Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито болон хатан Масако нар Монгол Улсад айлчилж ирсэн байгаа. Бидний өвөг дээдэс даян дэлхийд энх амгаланг тогтоож байсан. Эзэн Чингис хаан даяарын энх тайвныг бий болгож, улс орон гүрэнтэй эв хамтын гэрээтэй ажиллаж байсны том илэрхийлэмж гэж би хувьдаа ойлгож байгаа. Монголчууд бид зочломтгой, найрсаг зан чанараа энэ удаагийн наадмын нээлтэн дээр хэрхэн харуулах вэ. Монгол оронд хүн бүхэн тавтай морилоосой, ёс заншил, эдэлж хэрэглэсэн уламжлал, зан заншил, гайхалтай үнэт зүйлүүдийг хараасай гэж бид энэ жил бодож хийсэн. Гэхдээ энэний цаана гол амин сүнс нь мөнхөд гэрэлтэх Монгол гэж байгаа. Бид эх оронч байх ёстой. Эх орноо сэтгэлдээ тээхийн тулд эцэг, эхээ хайрлах юм тэгж чадваас эх орноо хайрлах үндэс бий болно. Иргэн бүр хайрлаж чадваас мөнхөд гэрэлтэнэ гэсэн санааг энэ жилийн наадмын нээлтээр ард олондоо хүргэхийг хичээсэн.

Наадмын нээлт нь дээр бидний өв соёл, үнэт зүйл бахархал, нандин, эрхэмлэх зүйлс бүхэн шингэсэн байгаа. Монголчуудын философи юунд оршдог вэ гэхээр, үндсэн язгуур нь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэж монгол хүнийг дүгнэдэг. Энэ л утгыг гаргаж, саруул сайхан ухаанаараа ертөнцийг тольдож явах аваас мэдэхгүй, чадахгүй юм байхгүй билээ.

 

-Наадмын нээлтэд хэчнээн уран бүтээлчид оролцсон бэ?

Наадмын арга хэмжээнд 2500 гаруй уран бүтээлч оролцсон. Улсын Драмын Эрдмийн Театр, Үндэсний урлагийн театр, Цэргийн дуу бүжгийн театр, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга гэх мэтчилэн төрийн статустай бүх урлагийн байгууллага оролцож байна. Мөн жанжин штабаас армийн 350 алба хаагч оролцлоо.

Түүнчлэн алдарт эхчүүд маань хүүхдүүдтэйгээ энэ жилийн наадамд ирсэн. Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 200 гаруй хүүхэд, морин хуурч 300 хүүхэд, 100 уртын дуучин, циркчид орж байна. Үүний зэрэгцээ 60 гаруй морьтнууд маань ирж оролцож байгаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн наадмын нээлт боллоо. Хэрхэн хүлээн авахыг тархи, оюун ухаанаараа зажилцгаа. Орой 21:00 цагаас наадмын нээлтийн урлагийн номеруудыг үзэгч түмэндээ хүргэнэ.

-Наадмын нээлтэд хөдөлгөөн шийдлүүд нэлээд ашигласан байна?

-Энэ жил зураач нарын багтай ярилцаад механик, инженер сэтгэлгээг гаргах гэж хичээж ажилласан.

 -Наадмын нээлтийг шүүмжилсэн хүмүүст хандаж юу хэлэх вэ?

- Нэг үг байдаг шүү дээ. Хүмүүс өөр өөрийнхөөрөө л ярьцгаана. Өөрсдийнхөөрөө л ойлгоно шүү дээ.

-Та наадмын хэдэн жил найруулж байгаа бэ?

-Улсын баяр наадмыг тав дахь жилийн найруулж байна.

 

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Н.Наранбаатар: Монгол оронд хүн бүхэн тавтай морилоосой, зан заншил, гайхалтай үнэт зүйлүүдийг хараасай гэж бодож хийсэн  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй