
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд Төсвийн байнгын хороотой хамтарсан хурал 2, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтарсан хурал 2, Эдийн засгийн байнгын хороотой 1 нийт 18 удаа, ажлын хэсэг 11 удаа, ажлын дэд хэсэг 5 удаа тус тус хуралдаж, нийт 36 асуудлын хүрээнд 6 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл, Байнгын хорооны 9 тогтоолын төслийг хэлэлцэн, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, мэдээлэл 9 хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, хуулийн төслийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн батлуулсан.
Мөн Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан ажлын хэсгээс боловсруулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, төслийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эцэслэн батлуулсан байна.Байнгын хорооны 2025 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан ”Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтэд хяналт, шалгалт хийх, монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоолын төслийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эцэслэн батлуулсан.
Түүнчлэн Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд “Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай”, “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай”, “Чиглэл өгөх тухай”, “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай”, “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтэд хяналт, шалгалт хийх, монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай”, “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай”, “Дэд хорооны дарга нарыг сонгох тухай” зэрэг Байнгын хорооны 9 тогтоолыг батлуулсан байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл болон Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна хэмээн Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
БОХХААБХ:18 удаа хуралдаж 36 асуудал хэлэлцэн, нэг хууль, УИХ-ын тогтоол хоёрыг батлуулжээ | ||
Үзсэн: 217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.