
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын нийт ажлын явц 33 хувьтай үргэлжилж байна.
Ажлын явцын талаар Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа “Дүүжин замын тээврийн тулгуур багана нийт дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүний нэг хэсэг болох суурь нь шон, холбогч хавтан, төмөр бетонон баганан суурь бүхий гурван хэсгээс бүрдэж буй. Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд удаах хоёр суурь байрлуулах ажил 55 хувьтай үргэлжилж байна” гэв.
“Моннис Инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг бүрэн байрлуулж дууссан. Ийнхүү өнөөдрөөс тус байршлуудад металл хийцлэлийн угсралт буюу үндсэн тулгуур баганыг суурилуулах ажлыг эхлүүллээ. Мөн ирэх наймдугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.
Түүнчлэн бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер, техникийн ажилтан дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгаж, ирэх оноос туршилтад оруулсны дараагаар улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.
Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, цагт 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Мөн аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 6.45-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцан, Яармаг, Нисэхийн түгжрэлийг 15 хувиар бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна | ||
Үзсэн: 198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.