Шууд Chart

Төсвийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, УИХ-ын 14 тогтоол батлуулжээ

2025-07-23 12:04:25

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай есөн хуулийг эцэслэн батлуулсан байна.

Мөн “Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай”, “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай”, “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай”, “Алт-З” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” зэрэг нийт Улсын Их Хурлын 14 тогтоолыг эцэслэн батлуулсан.

Түүнчлэн “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” зэрэг Байнгын хорооны 13 тогтоолыг баталсны зэрэгцээ Улсын Их Хурлаас Засгийн газар, холбогдох бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох, хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн Үндэсний аудитын газрын тайлан, Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг тус тус сонсож, хэлэлцсэн байна.

Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс өргөдөл ирүүлэх D өргөдөл parliament.mn. цахим системд иргэн Э.Батбаяраас “Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох”, иргэн Р.Шинэгэрэлээс “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ноогддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах” талаарх нийтийн өргөдлийг тус Байнгын хороо хуралдаанаараа тус тус хэлэлцсэн. Байнгын хорооны 2025 оны 03 дугаар тогтоолоор байгуулсан Үндэсний аудитын газрын “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан аудитын шалгалтад хамрагдсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтэц, зохион байгуулалт, геологийн судалгааны ажлын төлөвлөлт, төсөв, санхүүжилтийн асуудлыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан оновчтой болгох болон геологийн салбарын дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг боловсруулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг  хэлэлцсэн. Түүнчлэн Байнгын хорооны 04 дүгээр тогтоолоор байгуулсан Үндэсний аудитын газрын “Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө”-нд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Засгийн газар болон Үндэсний аудитын газартай хамтран хуралдааны хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангаж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан ажилласан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Төсвийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, УИХ-ын 14 тогтоол батлуулжээ  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй